"Алтан өргөө" киноны хөгжмийг симфони чуулбараар анх удаа тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-13 15:41:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг “Алтан Өргөө” киноны хөгжмийг симфони чуулбараар анх удаа тоглох гэж байна. 

Монгол, БНАГУ-ын буюу хуучнаар социалист ах дүү орны хэмжээнд хамтран бүтээсэн өнгөт уран сайхны кино 1961 онд гарсан нь тухайн цагтаа ихээхэн сонирхол татаж байсан түүхтэй. Монгол Улсын гавьяат хөгжимчнөөс Ардын жүжигчин, Төрийн шагнал хүртсэн хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай Германд урилгаар очиж киноны хөгжмийг бичсэн. Мөн Герман оркестр тоглож бичүүлж байжээ. Сонгодог хөгжмийг өндөр түвшинд бичсэн гэж түүнд мөнгөн шагнал олгож байсныг алтан үеийнхэн дурсацгаадаг. Үүнээс хойш 1993 онд Улсын Филармонийн удирдаач МУСГЗ  Н.Туулайхүүгийн хүсэлтээр Герман улсын элчин сайдаас “Алтан Өргөө” киноны хөгжмийн партитурыг авах хүсэлт гаргасан байна. Улмаар тэр жилээ Герман улсын элчин сайд хөгжмийн партитурыг Н.Туулайхүүд хүлээлгэн өгч, 1994 онд улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тогложээ. Тэгвэл энэхүү алдарт хөгжмийн зохиолыг симфони чуулбар болгон найруулж Улсын Филармонийн тайзнаа дахин тоглох гэж байна.

Энэ сарын 15-нд 19.00 цагаас болох тоглолтод Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн "Хөөмэй морин хуурын концерт", Төрийн шагналт Б.Мөнхболдын "Хуучрын концерт", МУСТА Ж.Энхбаярын  “Элегия” гэсэн хөгжмийн бүтээлийг ч тоглоно.

Монгол Улсын Консерваторийн багш, Төрийн шагналт Б.Мөнхболдоос тус тоглолтын тухай лавлавал, "Л.Мөрдорж гуайн "Алтан өргөө" киноны хөгжмийг анх удаа тоглох гэж бэлтгэж байна. Бас Төрийн шагналт Ц.Нацагдорж болон миний бүтээлээс тоглох юм. Алдартай киноны хөгжмийн тоглолтыг бүтээлээр минь чимж, тоглолтын дунд оруулж байгаа нь их хүндэтгэлтэй явдал. Улсын филармонийн уран бүтээлчид тоглолтдоо цаг наргүй сайн бэлтгэж байгааг хараад бүтээлээ чамбайруулахын тулд ажиллаж байна" гэж ярилаа. Тоглолтын үнэ 25 мянган төгрөг юм.

Холбоотой мэдээ