Монголын их сургуулиудыг дэлхийд сурталчилж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-14 17:02:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын их сургуулиуд дэлхийд танигдаж, өрсөлдөх үүд нээгдлээ.


Өнгөрсөн оны 8 дугаар сараас эхлэн МУИС-иас санаачлан дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбийг ерөнхий болон шинжлэх ухааны салбар тус бүрээр гаргахын зэрэгцээ бүс нутгаар нь эрэмбэлдэг дэлхийн шилдэг байгууллага болох QS (Quacquarelli Symonds) байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлсэн.


Тус ажлын үр дүн гарч, дэлхий даяар тардаг “QS-Шилдэг их сургуулиудын гарын авлага 2019” болон QS-WOWNEWS сонинд БСШУСЯ, МУИС, ШУТИС, МУБИС, СУИС-ийн талаарх мэдээлэл, сурталчилгаа хэвлэгдлээ. Энэхүү хэвлэмэл бүтээгдэхүүн нь дэлхий даяарх дээд боловсролын мэргэжилтнүүдэд хүрч, их сургуулиудын амжилт, туршлага, хөгжил дэвшлийг танилцуулдаг байна.


Энэхүү цахим хувилбарыг https://www.qs-asia.com/e-book/tug/files/assets/basic-html/index.html#29, QS-WOWNEWS сонины цахим хувилбарыг https://qswownews.com/print-edition/ холбоосоор үзэх боломжтой. Цахим хувилбарыг дэлхий даяар 250 мянган эрдэмтэн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын удирдлагууд үздэг.


Түүнчлэн QS байгууллагаас эрхлэн гаргадаг QS-Showcase сэтгүүлийн 2019 оны шинэ дугаар ирэх сард хэвлэгдэх бөгөөд тус сэтгүүлд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатарын тусгай ярилцлага нийтлэгдэх юм. Тус сэтгүүл нь шилдэг их сургуулийн академик амжилт, судалгааны чиглэл, инноваци, гадаад харилцааны талаарх мэдээллийг онцолдог байна.

Холбоотой мэдээ