ОНХС-гийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс шинээр батлагдсан Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн үйл ажиллагааны журмын дагуу 5 бүлэг бүхий багц гарын авлага боловсруулан, эхний 2 бүлгийг танилцуулах зорилгоор “Орон нутгийн хөгжлийн санг иргэдийн оролцоотой төлөвлөх болон төсөл, арга хэмжээг эрэмбэлэх нь” сэдэвт сургалтыг 03 дугаар сарын 11-23-ны өдөр Ховд аймагт зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад 17 сумын 91 багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, сумын ОНХС-гийн ажлын хэсэг буюу ЗДТГ-ын дарга, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн төлөөлөл 180 орчим хүн хамарч, мэдлэг ур чадвараа дээшлүүлж байна.
Сургалтад оролцогчдын мэдлэг, чадвар нэмэгдсэнээр суманд хуваарилагдсан ОНХС-гийн санхүүжилтээр хийх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг тухайн сумын иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төлөвлөж, эрэмбэлэхэд чухал ач холбогдолтой болохыг төслийн багийнхан онцоллоо.
"Тогтвортой амьжиргаа-3" төсөл нь сумдын ОНХС-гийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Ховд аймагт хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд иргэдийн саналд тулгуурлан, хамгийн өндөр санал авсан хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээг санхүүжүүлдэг билээ. Иймд сургалтын үр дүнд оролцогчид ОНХС-гийн үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцуулах, ирсэн саналыг зөв зүйтэй нэгтгэх, эрэмбэлэх зэрэг чадваруудыг эзэмшиж, цаашид иргэдийн бодит хэрэгцээнд тулгуурласан хөгжил, бүтээн байгуулалтыг сумандаа бий болгох юм.
"Тогтвортой амьжиргаа-3" төслийн Ховд аймаг дахь ажилтан Ж.Батсайхан хэлэхдээ, "Тус аймгийн хэмжээнд ОНХС-гийн хэрэгжилтэд иргэдийн оролцоо, санал авах, эрэмбэлэх ажил нэлээд доогуур түвшинд байдаг. Тиймээс цаашид иргэд, олон нийтийн бодит оролцоог нэмэгдүүлж хамтарч ажиллана" гэв.