Иргэний танхимд иргэд цагаа үр дүнтэй өнгөрөөдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-14 22:09:54

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай сумын ИТХ-ын дэргэдэх "Иргэний танхим"-аар он гарсаар 320 орчим иргэн үйлчлүүлжээ. Тус танхим иргэдийнхээ үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, өөр хоорондоо туршлагаа ярилцах, бизнесийн шинэ шилдэг санаагаа уралдуулах зорилго бүхий иргэдэд нээлттэй үйлчилдэг аж.

Иргэний танхим нь 67м2 талбай бүхий иргэдийн тав тухыг хангасан техник хэрэгсэл бүхий танхим бөгөөд нээлттэй ажиллаж эхэлснээр өнөөдрийн байдлаар иргэдийн өөрсдийнх нь санаачилсан 23 удаагийн уулзалт хэлэлцүүлгийг хийжээ. Мөн Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагруу шилжих зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан өрхийн үйлдвэрлэгч, гарааны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэний танхимыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр төлөвлөгөөт ажлын бус цагаар өрхийн үйлдвэр эрхлэгчдэд ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн долоо хоног бүрийн дөрөв дэх өдрийн өглөөний 07.00-09.00 цаг хүртэл бүх насны бүх салбарын иргэд “Өглөөний хүн” уулзалтыг зохион байгуулж хэвшжээ. 2018 онд тус танхимаар 4200 гаруй иргэн үйлчлүүлсэн байна. Энэ бол иргэний танхимыг иргэд өөрсдөө мэдэж цагаа үр дүнтэй өнгөрөөж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх танхим болгож чадсан сайн жишээ  юм. Иргэдийнхээ ямар ч санал хүсэлт, шүүмжлэл, үйл ажиллагааг бид нээлттэй дэмжин ажиллаж байгаа хэмээн Улиастай сумын ИТХ-ын дэргэдэх "Иргэний танхим" хариуцсан мэргэжилтэн мэдээлэв. 

Холбоотой мэдээ