Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг түр хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-03-15 12:46:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг түр хаах болсон талаар өнөөдөр ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Азийн авто замын сүлжээний АН3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр эгнээ авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил ирэх сард эхэлнэ. Одоо ашиглаж байгаа хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банк (АХБ)-ны 83.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх бол шинээр тавих хоёр эгнээг нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны зээлээр санхүүжүүлэх юм. Энэ хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг ирэх сарын 25-наас 11 дүгээр сарын 25 хүртэл хаах юм. Энэ хүрээнд Сэлэнгэ, Дархан-Уул болон Төв аймгийн зарим сумдын чиглэлд одоо байгаа замын хажуугаар түр зам гаргах болжээ. Харин Хөвсгөл, Булган, Орхон аймгийн иргэд Булган-Дашинчилэн-Лүн гэсэн чиглэлээр зорчино гэдгийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хэллээ.

Автозамын бүтээн байгуулалтад оролцох аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт зарлахаар төлөвлөж байгаа юм. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 3000, ачаалал ихтэй үед буюу их, дээд сургууль амрах, хичээл эхлэх үед 12000 автомашин зорчдог байна. Тиймээс түр замын зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс Гэрээт замын цагдаагийн тасаг байгуулах аж.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авлаа.

-Том оврын ачаа тээврийг хэрхэн зохицуулах вэ?

-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт 60-70 том оврын автомашин зорчдог. Эдгээр том оврын автомашиныг галт тэргээр зөөвөрлөхөөр төлөвлөж байгаа юм.

-Авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор газар чөлөөлөх үү?

-Чингэлэг, овоо зэрэг нийт 27 обьект нүүлгэн шилжүүлнэ. Үүнд

-Түр зам гаргахад тоосжилт эхээр үүсэх байх. Байгаль орчинд хэрхэн нөлөөлөхийг тооцсон уу?

-Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж, АХБ-нд хүргүүлсэн. АХБ-наас ч байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэмээн үзсэний үндсэн дээр зээл олгох болсон.

Холбоотой мэдээ