“Шар хантаазтнууд”-ын жагсаалыг хориглож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-03-19 12:38:36

ПАРИС. /NHK/. “Шар хантаазтнууд”-ын өрнүүлж буй Засгийн газрын эсрэг жагсаал цуглаанд хэт давруу үзэлт бүлгүүд оролцох төлөвтэй байвал уг жагсаалыг хориглоно гэж Францыг Ерөнхий сайд Эдуар Филипп мэдэгдэв.


Энэхүү арга хэмжээ нь Парис хотын Елисейн өргөн чөлөө болон өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш жагсаал цуглаан өрнөж буй бүс нутгуудыг хамрах ажээ.


Э.Филиппийн хэлснээр, сүүлийн үед жагсаал цуглаанд сүйтгэх зорилго бүхий бүлгүүд нэгдэх болсон аж. Түүнчлэн жагсаалын үеэр зүй бус үйлдэл гаргасан хүмүүст ногдуулах торгуулийг ойролцоогоор дөрөв дахин нэмэгдүүлж, 153 орчим ам.долларт хүргэсэн байна.


Францад Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан сүүлийн 20 орчим долоо хоногийн турш өрнөж байгаа юм. Харин өнгөрсөн бямба гарагт болсон жагсаалын үеэр эсэргүүцэгчид тансаг зэрэглэлийн дэлгүүр болон кафе зэрэг 90 гаруй үйлчилгээний газарт халдан сүйтгэж, гал тавьсан юм.


AFP” агентлагийн мэдээлснээр, сүүлийн хэдэн сарын турш үргэлжилж буй “шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаан 190 сая орчим ам.доллартай тэнцэх хэмжээний хохирол учруулаад байгаа ажээ. 

Холбоотой мэдээ