KFC зайсан салбарыг 14 сая төгрөгөөр торгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-19 14:44:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. КFC Зайсан болон бусад 11 салбарыг шалгахад, 64 зөрчил илэрсэн тухай НМХГ-аас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээлэхдээ, “KFC-ийн Зайсан салбараас бусад 11 салбарыг шалгалаа. Ингэхэд, зарим салбарт зарж байгаа ундааны хугацаа дууссан, есөн ажилтан эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй зэрэг 64 зөрчил илэрсэн. Ингээд дөрвөн салбарт зөрчлийн хэрэг нээн, дөрвөн сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Харин долоон салбарт нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгууллаа. Зайсан салбарын хувьд, үйл ажиллагааг бүрэн зогсоосон бөгөөд, зөрчлийн тухай хуулийн зургаадугаар бүлгийн 14.4, 15.3.1, 15.2 гэсэн заалтаар 14 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Түүнчлэн хууль бус орлогын найман сая 500 мянган төгрөгийг хурааж, хоолны хордлогод орсон 287 иргэний эмнэлгийн үйлчилгээний төлбөрт 49 сая 407 мянган төгрөг нөхөн төлүүлжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн хугацаанд тус түргэн хоолны газруудыг шалгахдаа, сэжигтэй 18 төрлийн 5960 тахианы мах, бэлэн бүтээгдэхүүнийг хурааж, устгалаа" хэмээв.


Мөн КFC Зайсан салбарт ундны ус нийлүүлэгч "ССSMG" компанийн үйл ажиллагааг шалгахад, ус түгээх зөвшөөрөлгүй байгууллага байсан тул, үйл ажиллагааг нь зогсоож, зөрчлийн хуулийн дагуу таван сая төгрөгөөр торгожээ.


Эмнэлгийн үзлэгт ороогүй есөн ажилтныг Хан-Уул дүүргийн эмнэлэгийн шинжилгээнд хамруулахад, хоолны хордлого үүсгэж буй шигелийн төрлийн нян илрээгүй байна.

Холбоотой мэдээ