Газар хөдлөхийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-20 11:51:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор, жил бүрийн гуравдугаар сарын гуравдахь долоо хоногийн лхагва гарагт "Газар хөдлөхийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх өдөр"-ийг тэмдэглэх болсон. Өнөөдөр энэхүү өдөр тохиож байна.


Энэ өдөр газар хөдлөх гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах ажилд хүн амыг сургаж бэлтгэх, мэдээлэл сурталчилгаа өгөх юм. Харин маргааш 16 цагт гамшгийн аюулын дохио орон даяар дуугарч, иргэд бэлэн байдлын сургууль хийх аж.


Монгол орны нутаг дэвсгэр, ялангуяа хил орчмын бүс нутагт өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын 16-ны хооронд нийт 42 046 удаа газар хөдөлжээ. Зөвхөн оны эхний гурван сарын байдлаар, 261 удаа газар хөдөлсөн ба 17 нь 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй байжээ.


Монгол Алтай нурууны өмнөд төгсгөл хэсэг болох Дарви, Хан Тайшир, Хар Азарга болон Гичгэний нурууны бүс нутгууд, Чуй, Могод, Бүсийн гол, Тахийн шар, Үүрэг нуур болон Цагаан шувуут, Мөнххайрхан, Булнай, Могод, Дэрэнгийн голомтын бүсүүдэд их идэвхжилттэй байлаа хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ