3-12 баллын газар хөдлөх аюулыг биеэр мэдрэх танхимтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-20 20:44:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Газар хөдлөхийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх өдөр" тохиож байгаатай холбогдуулан НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд 3-12 баллын газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмж бүхий сургалтын танхимыг өнөөдөр нээв.



ОБЕГ, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд МУЗН, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ хамтран газар хөдлөлтийн тусгай тоноглолтой дээрх төхөөрөмжийг суурилуулж, хүлээлгэн өгсөн юм.


Нээлтэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Япон Улсын Элчин сайд Такаока Масато, Жайка Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар оролцов.



Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, “Энэхүү газар хөдлөлтийн биеэр, мэдрэх төхөөрөмжийг хүлээн авснаар, хүүхэд багачууд, ард иргэдэд газар хөдлөх аюул эрсдэлийг таниулахад чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй ажил болж байна. Улаанбаатар хотын ойр орчимд байрлах хэд хэдэн идэвхтэй хагарлууд байгаа бөгөөд идэвхжил нь буурахгүй байгааг судалгаагаар тогтоосон. Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 37 542 удаа газар хөдлөлсөн байна. Үүнээс 1 354 удаа 3-4 баллын хүчтэй, таван удаа 5 баллын хүчтэй газар хөдөлжээ. Энэ нь газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах чадавхаа нэмэгдүүлж, бэлтгэл бэлэн байдлаа хангахыг мэргэжлийн байгууллага Төр засаг, ард иргэдэд анхааруулж байна” гэлээ.



Сүүлийн жилүүдэд газар хөдлөх аюулын чичирхийлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан ард иргэдэд газар хөдлөлтийн аюулыг биеэр мэдрэх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаанд ашиглахаар тус танхимыг байгуулжээ.


Монгол орны нутаг дэвсгэр, ялангуяа хил орчмын бүс нутагт өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын 16-ны хооронд нийт 42 046 удаа газар хөдөлжээ. Зөвхөн оны эхний гурван сарын байдлаар, 261 удаа газар хөдөлсөн ба 17 нь 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй байжээ.

Холбоотой мэдээ