Хуванцар, гялгар уутны хэрэглээг багасгах тогтоол баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-03-21 13:15:51
Yesukheitumur Tumurbaatar

НАЙРОБИ. /BBC/. НҮБ-ын Байгаль орчны ассамблейн хурлын үеэр хуванцар, гялгар уутны хэрэглээг бууруулах асуудлыг хэлэлцэж, 2030 он гэхэд ийм төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг "эрчимтэй" багасгана гэж 100 гаруй орон амлалт өгчээ.


Кенийн нийслэл Найроби хот дахь НҮБ-ын Байгаль орчны ассамблейн таван өдөр үргэлжилсэн хурлаар гялгар уут, хуванцрын хэрэглээг хязгаарлах тогтоолыг баталжээ.


Хуванцрын хэрэглээг 2025 он гэхэд үе шаттай багасгах саналыг АНУ тэргүүтэй хэд хэдэн улс орон эсэргүүцэж байгаа аж. Дэлхий дээр жил бүр найман сая гаруй тонн хуванцар хог хаягдлыг далай руу шууд хаядаг байна.


Бүх гишүүн орны хувьд нэгдсэн нэг шийдэлд хүрэх нь хүнд байх болно гэж НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгч Сиим Кийслер санал хураахын өмнө мэдэгдээд, “байгаль орчны байдал эргэлтийн цэг дээрээ ирээд байна. Бидэнд нуршсан олон баримт хэрэггүй, зөвхөн бодит амлалтууд хэрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэжээ.


Уг уулзалтад байгаль орчны сайд нар, эрдэмтэд, бизнес эрхлэгчид гээд нийт 4700 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Холбоотой мэдээ