“Идай” хар салхины улмаас олон зуун хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-03-21 11:43:04

ЖЕНЕВ. /Xinhua/. Өмнөд Африкт хамгийн их уршиг дагуулсан байгалийн гамшигт үзэгдэлд тооцогдож буй “Идай” хар салхины улмаас наад зах нь 360 хүн амиа алдсан тухай НҮБ-ын хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлэв.


Малави, Мозамбик болон Зимбабвед “Идай” хар салхины учруулсан хохирлын талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэвлэлийн албаны төлөөлөгч Фархан Хак лхагва гарагт мэдээлэл хийжээ.


Малавид нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдэлд 1 сая орчим хүн нэрвэгдэж, 56 хүн амиа алдаж, 577 хүн гэмтсэн тухай НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газрын тайланд мэдээлжээ. Үүний зэрэгцээ 83 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.


Мозамбик улсын Засгийн газраас мэдээлснээр, тус улсад 202 хүн амиа алдсан ба амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгаа аж. "Хар салхинд 260 мянган хүүхэд нэрвэгдсэн" гэж НҮБ-ын Хүүхдийн сан тооцоолжээ.


Харин Зимбабвед 102 хүн амиа алдаж, 200 орчим хүн гэмтэж, 200 гаруй хүн сураггүй болсон гэж Ф.Хак мэдээлжээ. Үүний зэрэгцээ түр хоргодох байр, ундны ус, ариун цэврийн хэрэгслийн нөөцийг тээвэрлэсэн тусламжийн ачааны тэргүүдийг гамшигт нэрвэгдсэн бүс нутгууд руу илгээсэн байна.


Тусламжийн хэрэгцээ шаардлага цаашид улам нэмэгдэх төлөвтэй байгаа тул тусламж үзүүлж, хувь нэмрээ оруулахыг НҮБ-ын хэвлэлийн албаны төлөөлөгч олон улсад уриалжээ. 

Холбоотой мэдээ