Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-22 14:36:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ой тохиолоо. 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр жирийн малчны хүү сансрын уудамд хөөрсөн түүхэн нислэгийн мэдээг дэлхийд дамжуулсан билээ.

Энэ өдөр Монголын радио телевиз, Монголын төв хэвлэл болон хуучнаар ЗХУ-ын "ТАСС", "Правда" сонины хуудаснаа Зөвлөлт, Монголын сансрын анхны нислэгийн тухай мэдээлсэн. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын иргэн, сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар сансарт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй.

Монгол Улс энэ өдөр сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээн, нислэгийн явцад ашигласан 20 дахь, сансрын нисгэгчээ нисгэсэн дэлхийн арав дахь орон болсон юм.  Ж.Гүррагчаа сансарт ниссэн Монголын анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн болсон. 

Ж.Гүррагчаа сансарт нисэж ирээд хошууч цолоор шагнагдаж байсан бол өнөөдөр хошууч генерал бөгөөд Монгол Улсын БХЯ-ны сайд, УИХ-ын гишүүн гэх өндөр албан тушаалыг ч хашиж байсан. Өдгөө Монгол Оросын найрамдлын нийгэмлэгийг толгойлон ажиллаж байна.

Түүнтэй хамт Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд бэлтгэгдсэн, ШУА-ийн гишүүн, доктор М.Ганзориг ч сансар судлалын бүтээлээрээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм. ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековд ч Монгол Улсын баатар цол хүртээсэн бөгөөд сансарт Монгол Улсын нэрийг дархалсан тэдний гавьяаг монголчууд байнга санан дурсдаг. Найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан Зөвлөлтийн сансрын "Союз-39" хөлгийн баатруудад зориулсан сансар судлалын музейг Улаанбаатар хотод нээгээд байгаа билээ.

Холбоотой мэдээ