Хэрэглээний зээлийн дээд хязгаарыг орлогын 60 хувиар тогтоожээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-03-25 12:01:38

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо (МБХ)- ны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хурлаар  банкнаас иргэдэд шинээр олгох  хэрэглээний зээлийн  дээд хязгаарыг орлогын 60 хувиар тогтоожээ. Хорооны шийдвэр   2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгднө. Гэхдээ тэтгэвэрийн зээл олгоходоо өр, орлогын 30:70 харьцааг баримтална гэж  шийдвэрт онцолжээ. Хэрэглээний зээл шинээр олгохдоо өр, орлогын дээд хязгаарыг 60 хувь гэж тогтоосон нь сүүлийн жилүүдэд хурдацтай өсч, өндөр түвшинд хүрсэн хэрэглээний зээл, иргэдийн өрийн дарамтыг цалингийн өсөлттэй уялдуулан аажмаар буруулах зорилготой гэж тайлбарласан байна. Цалингийн зээл  авна гэж үзвэл гар дээр авдаг 600 мянган төгрөгийнхөө  60 хувь буюу 360 мянган төгрөгийн  зээлийг  банк  таньд олгоно. Харин үлдсэн 240 мянган төгрөгийг  сар бүр гар дээрээ авч амьдрал ахуйдаа хэрэглэнэ. Зээлийн хугацаа хэдэн сар, жил байхыг хоёр тал хэлэлцэн тогтооно. Энэ нь хэрэглээний зээлийг өсгөхгүй байхаас гадна, ажилтныг өрийн дарамтаас хамгаалах сайн талтай гэж тус хорооны гишүүд үзэв бололтой. Мөн хорооны хуралдаанаар бодлогын хүүг хэвээр нь хадгалах шийдвэр гарчээ.

МБХ бодлогын хүүг 2018 оны 11дүгээр сарын 27 ны өдрийн ээлжит бус хуралдаанаар 11 хувь байхаар  тогтоосон юм. Түүнээс хойш дээрх хүү хэвээр хадгалагдаж байгаа нь энэ. Тухайн үед бодлогын хүүг 10 байсныг 11 хувь болгон өсгөсөн шалтгаанаа “ төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалж, макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хамгаалах хүрээнд бодлогын хүүг нэг нэгжээр нэмэгдүүлэх нь зөв” гэж хорооны гишүүд 100 хувь дэмжсэн хэмээн тайлбарласан байв. Түүнээс хойш бодлогын хүүг өөрчлөх тодорхой шалтгаан макро эдийн засгийн түвшинд өнгөрсөн (дөрвөн сарын) хугацаанд гараагүй гэж үзсэн тул энэ оны эхний хуралдаанаар тус хорооны гишүүд бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийджээ. МБХ ээлжит хуралдаан жилд дөрвөн  удаа зарлан (ээлжит бус хурал зарлаж болно) хуралдуулж, бодлогын хүүг өөрчлөх эсэх талаар хэлэлцэн  шийдвэрэх хуулиар хүлээсэн үүрэгтэй.

Төвбанкуудаас инфляцийг тогтвортой байлгахад, олон  арга хэрэгсэл ашигладаг аж. Тэр бүхнээс хамгийн оновчтой гол хэрэгсэл нь  бодлогын хүү гэж үздэг байна. Түүнийг арилжааны банкууд төвбанкинд мөнгөө хадгалуулах хүү гэж ойлгож болох гэнэ. Төвбанк хадгалуулсан мөнгийг эргүүлж төлөх чадвартай. Тэр утгаараа бодлогын хүүг эрсдэлгүй гэж нэрлэдэг. Эрсдэлгүй хүүтэй харьцуулж арилжааны банкны хүү тогтдог. Ийм учраас бодлогын хүүг  хөтөч, жишиг хүү гэж нэрлэх болжээ. Бодлогын хүү өндөр байх  үед арилжааны банкууд эрсдэлтэй зээл олгохыг хүсэхгүй. Харин төвбанкинд мөнгөө хадгалуулах, найдвартай зээлдэгчдэд  зээл олгох хэлбэрээр үйл ажиллагаагаа зохицуудаг. Энэ нь мөнгөний эргэлтийг удаашируулдаг сул талтай гэнэ. Харин бодлогын хүү буурах үед банкууд мөнгөө төвбанкинд хадгалуулснаас иргэд, компаниудад зээлүүлэх нь ашигтай гэж үздэг тул эдийн засаг руу орох мөнгөний урсгал нэмэгддэг.

 

Бодлогын хүү нь арилжааны банкуудын зээлийн шийдвэр, зах зээл дээрх хөрөнгийн үнэ, валютын ханш зэрэг бусад сувгуудаар эдийн засагт нөлөөлдөг. Гэхдээ тодорхой цаг хугацааны хоцрогдол ажиглагдадаг гэнэ. Иймд төвбанкуудын МБХ бодлогын хүүгээ өөрчлөхдөө үргэлж урагш харж, ирээдүйд чиглэсэн шийдвэр гаргахыг зорьдог байна. Бодлогын хүүг өөрчлөх замаар төвбанкууд эдийн засагт эргэлдэж буй мөнгөний нийлүүлэлтийг удирдаж, эдийн засаг хэт халах, удааширахаас сэргийлж үнийг тогтвортой байлгахыг зорьдог. Энэ нь төвбанкнаас нийгмийн сайн сайханд зориулан авч хэрэгжүүлж  байгаа онц чухал арга хэмжээ гэнэ. Ер нь цаашид дотоод эрэлт үргэлжлэн хүчтэй тэлэх тохиолдолд  бодлогын хүүг өсгөх шаардлага үүсч болзошгүй гэж МБХ сэрэмжлүүлжээ.  Жилийн инфляци  хоёрдугаар сард улсын хэмжээнд 6.9 хувь, Улаанбаатар хотод 7.9 хувьтай гарчээ.  


Монголбанкны МБХ-ны гишүүнээр ерөнхийлөгч Н. Баяртсайхан, тэргүүн дэд ерөнхийлөгч О. Эрдэмбилэг, дэд ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн нар ордог. Харин орон тооны  бус гишүүнээр УИХ-ын даргын эдийн засгийн зөвлөх Ц. Мөнхбаяр, СЭИС-ийн экономиксийн тэнхимийн профессор Ц. Батсүх, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Ч. Хашчулуун нар ажиллаж байна. 

Холбоотой мэдээ