Б.Мөнхжин: Монгол, БНСУ-ын харилцаа Стратегийн түншлэлд хүрнэ

Монголын мэдээ | Тодруулга
ariunbold@montsame.mn
2019-03-25 12:14:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирнэ. Энэ удаагийн айлчлалаас хүлээж буй үр дүнгийн талаар Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжингөөс тодруулав.


-БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны Монгол Улсад хийх айлчлалын үр дүнг хэрхэн харж байна вэ?


-Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны айлчлалаа өнгөрсөн онд БНСУ-д хийсэн. Тэр үед хоёр орны Засгийн газрын тэргүүнүүдийн тохирсон ажлын хэрэгжилтийг дүгнэх боломж бүрдэнэ. Түүнчлэн хоёр орон улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэх, ойр дотно хамтран ажиллах боломж бүрдэнэ хэмээн харж байна.


-Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд БНСУ-д айлчлахдаа хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлж, Стратегийн түншлэлд дэвшүүлэн хөгжүүлэх санал тавьсан. БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ асуудал хөндөгдөх үү?


-Энэ асуудал зайлшгүй яригдана. Хоёр орны Засгийн газраас харилцаагаа шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүрэхийг дэмжиж байгаа. БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр Стратегийн түншлэлд хэзээ хүрэх, хэрхэн тунхаглах талаар тохирох байх. Ерөнхий сайдын айлчлалаас хойш Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын комисс хуралдсан. Мөн ГХЯ-д хоорондын яриа хэлэлцээ, уулзалтууд тогтмол явагдаж байна.


-Засгийн газар, ОУВС-гийн хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд БНСУ-аас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авна. Энэ санхүүжилт хэзээ орж ирэх вэ?


-Өнгөрсөн онд БНСУ-д хийсэн Ерөнхий сайдын айлчлалын гол үр дүнгийн нэг бол 500 сая ам.долларын асуудал. Ер нь бол зээл, тусламжийн асуудалд гарын үсэг зураад л маргааш нь шууд ороод ирэхгүй. Тухайн хөрөнгийг юунд, хэрхэн зарцуулахаа аль аль талдаа төлөвлөж, нягтлах ёстой юм. Засгийн газраас 500 сая ам.доллароор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Солонго I, II” орон сууцны хороолол барихаар төлөвлөж, зураг төсөл, ТЭЗҮ-ээ боловсруулан Солонгосын талд хүргүүлсэн. Үүнийг БНСУ-ын холбогдох албаныхан хянаж, нягталж байгаа. Өмнө нь энэ их хэмжээний мөнгийг зөвхөн нэг төсөлд зориулж байгаагүй. Харин 500 сая ам.долларыг олон төсөл хөтөлбөрт тараалгүй, зөвхөн агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж буйгаараа онцлог.


-Олон удаагийн виз олгох асуудал яригдах уу?


-Гарын үсэг зурах эсэхийг айлчлалаас өмнө хэлэх боломжгүй. Холбогдох албаныхан иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, Монголоос БНСУ-д зорчиход тавигдах шаардлагыг бууруулах чиглэлээр ярилцаж байгаа. Энэ удаагийн айлчлалаар тодорхой үр дүнд хүрнэ гэж харж байгаа.


-Цаашдаа хоёр орны хамтын ажиллагаа хэрхэн хөгжих вэ?

-Хоёр орны харилцаа Стратегийн түншлэлд хүрнэ. Ингэснээр улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоо нэмэгдэх зэргээр бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжих боломж бүрдэнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр, Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хоёрдогч агаарын тээвэрлэгч компанийг нэвтрүүлэх тохиролцоонд хүрсэн. Улмаар УИХ-аар Төрөөс иргэний агаарын тээврийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогод өөрчлөлт орууллаа. Үүний үр дүнд БНСУ-ын талаас Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хоёрдогч агаарын тээвэрлэгчийг оруулахаа мэдэгдээд байна. Ингэснээр нисэх онгоцны тасалбарын үнэ хямдарч, иргэд хоорондын солилцоо идэвхжинэ. Энэ бол маш чухал үр дүн.

Холбоотой мэдээ