“Булган хотын хавар” урлагийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-03-25 20:39:30

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Булган сумын ЗДТГ хоёр дахь жилдээ “Булган хотын хавар” урлагийн наадмыг зохион байгууллаа.

Энэ жилийн урлагийн наадмын тэргүүн байрыг аймгийн ИТХ, ЗДТГ эзэлж, Онцгой байдлын газар, Булган сумын нэгдүгээр сургууль, “Булган мээж” ХХК, Булган сумын хоёрдугаар цэцэрлэгийн хамт олон удаах байруудад шалгарлаа.

“Булган хотын хавар” урлагийн наадам долоо хоногийн турш үргэлжилж 16 байгууллагын 300 гаруй ардын авьяастан оролцлоо гэж Булган сумын соёлын ордоны эрхлэгч Ц.Энхтуяа ярилаа.

Уртын болон ардын, зохиолын, эстрадын, найрал дуу, үндэсний хөгжлийн цөөхүүл, гоцлол хөгжим, цэнгээнт бүжиг, уран уншлага зэрэг 12 төрлөөр урлагийн авьяастнуудыг өрсөлдүүлсэн бөгөөд мэргэжлийн урлагийн байгууллагад ажилладаг уран бүтээлч, дуу хөгжмийн багш нарыг урлагийн наадамд оролцуулалгүй зөвлөн туслагчаар ажиллахыг зөвшөөрсөн байна.

"Уртын дуу морин хуур" хөтөлбөрийг хэрэгжүүлж, соёлын биет бус өвийг сэргээн хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмэр, шинэ залуу авьяастныг илрүүлж, иргэдийг оролцуулсан байдал, хувцаслалт, тайзны соёл, ур чадвар зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан шилдгүүдийг шалгаруулсан тухай урлагийн наадмыг зохион байгуулах комисс мэдэгдсэн юм.


Холбоотой мэдээ