Хуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-ийн шийдвэрээр огцруулах хуулийн төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-26 21:56:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.


Хууль, хяналтын зарим байгууллага төр, нийгмийн аюулгүй байдал, иргэдийн эрхийг зөрчсөн томоохон хэргүүдийг мөрдөн байцаах ажиллагаа, түүнийг хянадаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь хуйвалдааны тогтолцоонд шилжсэн байгааг Ерөнхийлөгч хуулийн төслийн үзэл баримтлалд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдлагууд нь томилсон албан тушаалтандаа үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг болсон хэмээжээ. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ сарын 25-ны хуралдаанаар “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхийлөгчид даалгасан байна. Энэ хүрээнд шүүгч, АТГ-ын дарга, дэд дарга, Улсын ерөнхий прокурор болон түүний орлогчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлдөг байхаар хуулийн төсөлд тусгасныг Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулав.


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтэд, “Энэхүү хуулийн төсөл шүүгчийн хараат бус байхад халдаж байна. Түүнчлэн АТГ-ын дарга, дэд даргыг  УИХ томилдог. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр эдгээр албан тушаалтныг чөлөөлөх асуудлыг ярих нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан үйлдэл. Тиймээс АН-ын бүлэг Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцэж байгаа гэх үндэслэлээр чуулганы хуралдаанд оролцохгүй” хэмээжээ. Дүгнэлтийг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулсны дараа АН-ын гишүүд хуралдааны танхимыг орхив.


Мөн хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр О.Баасанхүү гишүүн, “С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцад сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн асуудал яригдах боллоо. Уг бичлэгийг УИХ-ын гишүүд үзэх хэрэгтэй” гэлээ.

ҮАБЗ-өөс сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг нийтэд ил болгохыг Засгийн газарт үүрэг болгожээ. Мөн УИХ-ын даргад уг асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах үүрэг өгснийг Г.Занданшатар дарга танилцуулав.


Харин Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, Н.Оюундарь нарын гишүүд хуулийн гажуудал, алдаа завхарлыг эцэс болгоход хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх нь чухал гэдгийг дурдаж байлаа. Тухайлбал, УИХ-аас томилсон УИХ-ын дарга, Ерөнхий сайддаа хариуцлага тооцож, сольсон. Одоо хууль, хяналтын байгууллагын удирдлагуудтай хариуцлага ярих нь зөв хэмээсэн юм.


Төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмшиж байгаа асуудал,” Эрдэнэт үйлдвэр”ийн 49 хувь зэрэг нийгэмд дуулиан тарьсан томоохон хэргүүд бүгд шүүх дээр гацаж байгааг Ж.Батзандан гишүүн хэллээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжих хэрэгтэй гэдгийг мөн дурдав.


Харин УИХ-ын Д.Лүндээжанцан Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг нягтлах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй гэсэн санал хэллээ.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. Маргааш буюу энэ сарын 27-ны 09.00 цагт Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Харин чуулган 11.00 цагт хуралдана гэдгийг УИХ-ын дарга зарласнаар өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ