Японы гамшгаас сэргийлэх туршлагыг Ховд аймагт танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-29 10:40:55

Ховд /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр орон нутгийн иргэд, удирдлагуудыг чадавхжуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын ивээл дор "Иргэн-Орон нутаг-Төрийн гамшгаас сэргийлэх хамтын ажиллагаа” сэдэвт олон нийтэд зориулсан тусгай лекцийг энэ сарын 28-нд Ховд аймагт зохион байгуулав.

Лекцийн чиглүүлэгчээр Ховд аймгийн Онцгой байдлын газар, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, МУИС,Нагоя Их сургуулийн хамтарсан "Resillence" судалгааны төвийн судлаачид, мэргэжилтнүүд ажиллалаа.
 
 


Лекцийн үеэр баруун бүсийн төв-Ховд аймгийн 
ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт “Бүсийн хэмжээнд газар хөдлөлтийн өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”-ны талаар танилцуулсан юм.  

Мөн Жайка олон улсын байгууллагын “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн багийн судлаачид “Ховд аймгийн гамшгаас сэргийлэхэд Японы туршлага ашиглая”, “Гамшгаас сэргийлэхэд иргэний үүрэг чухал”, “Монголын даван туулах чадварыг бэхжүүлэх нь” зэрэг сэдвээр мэдээлэл хийж, Япон Улсын гамшгаас урьдчилан сэргийлэх арга туршлагыг орон нутагт хэрхэн нэвтрүүлэх талаар зөвлөмж өгөв.

Монгол оронд тохиолдож байгаа нийт газар хөдлөлийн 80 гаруй хувь нь баруун бүсийн аймгуудад тохиолддог аж. Тэр дундаа Ховд аймагт  есөн баллын газар хөдлөлийн аюул учирч болох эрсдэл өндөр байгааг судлаачид хэлж байлаа.

Мөн Ховд аймгийн нутаг дэвсгэрт орших Жаргалант, Алтанхөхий, Цамбагарав, Зэргийн хөндий хэмээх газруудад хөрс одоо ч гэсэн сулавтар байгаа ба хүчтэй газар хөдлөлтүүд тохиолдсоор байна.Тиймээс цаашид бүс нутгийн болон Ховд аймгийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсийг нарийвчлан тогтоох, эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийх шаардлагатай байгаа тухай албаныхан онцлов.  

Байгалийн гамшгаас хэрхэн, яаж урьдчилан сэргийлэх талаар Японы судлаачид хэлэхдээ, өөрийгөө аврах, хамтран аврах, төрийн оролцоо хосолсон гамшгийн бодлого хэрэгжүүлжиргэд байнгын бэлэн байдалд суралцсанаар эрсдэлийг хохирол багатай даван туулах боломж бүрддэг гэлээ.    

Лекцэд төрийн байгууллагын ажилтан, алба хаагчид, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцож, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр анхаарах зүйлс,  япон хүний амьдралын хэв маяг,  хамтын хүч, сэтгэлгээ, хандлагын талаар цогц мэдээлэлтэй болов.





Холбоотой мэдээ