Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай захирамж гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-29 11:21:24

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай захирамж гарлаа.

Захирамжаар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар 2019 онд ойн мэргэжлийн байгууллага, малчдын бүлэг, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн гишүүдтэй хамтран ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлыг зохион байгуул талаар дурдсан байна.

Мөн телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, түймрийн аюултай улиралд ой, хээрийн бүсэд ажиллаж буй аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангах, нэн аюултай, аюултай нөхцөл байдлын мэдээллийг долоо хоног бүр гаргаж хүргүүлэх гээд нийт 14 ажил, арга хэмжээг холбогдох байгууллагууд зохион байгуулж ажиллах юм. Эдгээр ажлын зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо.

Захирамжаар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ойн санд үйл ажиллагаа явуулж буй иргэд, байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран эргүүл шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Мөн сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Ойн анги зэрэг байгууллагуудад үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ