Эрүүл мэндийн газрын дарга эмч нартаа мэндчилгээ илгээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-30 22:49:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын нийт эмч нартаа Дэлхийн эмч нарын баярын өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Манай аймгийн эрүүл мэндийн салбарт 193 эмч ажиллаж байгаагаас 125 буюу 65 хувь нь үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн эмч, 12.4 хувь нь мэргэжлийн  “Ахлах” зэрэг, 8.8 хувь нь  мэргэжлийн “Тэргүүлэх” зэрэг, боловсролын “Магистр” зэрэг 20.2 хувь, “Доктор”-ын зэргийг 2.6 хувь нь тус тус хамгаалсан эмч нар ажиллаж байна.

2018 онд эрүүл мэндийн салбараас Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Т.Ганболд, “Алтан гадас одон”-оор Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Нэмэхбаяр, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эмч Д.Оюунчимэг, Дотрын тасгийн эмч Д.Сэлэнгэ,  аймгийн Эрүүл мэндийн салбарын 2018 оны “Оны шилдэг эрүүл мэндийн менежер”-ээр Уламжлалт анагаах ухааны төвийн захирал Д.Зандансүрэн, “Оны шилдэг эмч”-ээр “Жаргалан-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Г.Мөнхзул, Баян-Уул сумын Сум дундын эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн  эмч Д.Сансарбаяр нар шагнууллаа. 

2018 онд нийт үзлэгийн 45.9 хувийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар, 15.9 хувийг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар, 15.3 хувийг сумын эмч нар хийж гүйцэтгэсэн нь 77.1 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн байгууллагад 14262 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс Нэгдсэн эмнэлэгт 7142, сумын эрүүл мэндийн байгууллагад 4989, Уламжлалт анагаах ухааны төвд 1073, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 1058 хүн хэвтэн эмчлүүлж тусламж үйлчилгээ авчээ. 

Ард иргэдийнхээ талархлыг хүлээсэн, хүн амын эрүүл мэнд сайжирсан салбар байхын төлөө ажилладаг эмч нартаа гүн талархал илэрхийлье. Та бүхний маань юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.

Сайхан баярлаарай.


ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Ц.ТУЯА

Холбоотой мэдээ