Багийн иргэдийн нийтийн хурлын ээлжит VI хуралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-03-31 21:48:36

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Дэлгэрхаан сумын Багийн иргэдийн нийтийн хурлын ээлжит VI хуралдаан энэ сарын 28-нд болж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

БИНХ-д Давст багийн иргэд болон ИТХ-ын дарга Д.Цэцгээ, сумын Засаг дарга Д.Жаргалмаа, Засаг даргын орлогч М.Анхбаатар, ЗДТГ-ын дарга А.Цэдэн-Иш, багийн засаг дарга П.Алдармаа, тус сумын байгууллагуудын дарга, эрхлэгч нар оролцсон байна.

Хурлын эхэнд Засаг дарга Д.Жаргалмаа 2018 онд Дэлгэрхаан суманд хийсэн бүтээн байгуулалтын ажлын биелэлтийг дүгнэн ярьж, 2019 онд тус суманд хийхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөөг танилцуулжээ.

Багийн иргэдийн нийтийн хурлаар тус багт барихаар төлөвлөсөн мал угаалгын ванны газрыг товлож, ѳвѳлжѳѳ хаваржааны газар олгох, гүн ѳрмийн худаг барих асуудлуудыг тус тус хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Энэ онд Дэлгэрхаан сумын нутагт оршдог Норовчоймпиллэн хийдийн 200 жилийн ой болох юм байна. Энэ ойн хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа талаар тус хийдийн хамба лам Бямбадолжин мэдээлэл хийжээ.

Ирэх хичээлийн жилд Дэлгэрхаан сум 12 жилийн сургалттай болох зорилт тавьжээ. Мөн Дэлгэрхаан сумын зорилтот бүлгийн өрхөд бүртгэлтэй Давст багийн иргэн Дамдинбазарт багийн ИНХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар өргөө цагаан гэр олгохоор болсон байна.

 

 

 

Холбоотой мэдээ