Ховдынхон 10 мянган мод тарьж “Олон ястны угтах хаалга” болгохоор зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-01 21:27:02

Ховд/МОНЦАМЭ/.  Ховд аймаг бол олон үндэстэн ястны өлгий нутаг. Тус аймгийн 17 суманд урианхай, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд, халх, хошууд, казах, тува зэрэг 10 гаруй угсаатны бүлгүүд аж төрж байна.

Тэдгээр угсаатны онцлогийг харуулах, Бичигтийн хөтлөөс Ховд аймгийн төв хүртэлх газрыг иргэдийн оролцоотойгоор ногоон байгууламжтай болгох, хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан /ДБХС/, “Түмэн модот хаалга” ТББ-аас санаачлан “Амьд ногоон хаалга биднийг угтана” уриан дор 10 мянган мод тарьж, “Олон ястны угтах хаалга” болгохоор ажиллаж байна.

Бичигтийн  хөтөл хэмээх газраас  Ховд аймгийн  төв  хүртэл 4.5 км бөгөөд авто замын хоёр талаар буюу 10 га газарт 10 мянган мод тарьж, эх дэлхийн төгөл WWF, халх, казах, торгууд, урианхай түмний төгөл зэрэг 10 гаруй төгөл бий болгох зорилт дэвшүүлжээ.

Энэхүү ажлыг өнгөрсөн онд  эхлүүлж, 1.6 га-д  авто замын стандартын дагуу улиас, бургас, хайлаас гэсэн гурван төрлийн  1700  мод тарьсан  ба  энэ жилийн  хувьд  5 га-д  5 мянган мод тарихаар төлөвлөж байгаа юм. 

Модыг  арчлах хамгаалах тал дээр байгаль орчны салбар байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд суваг шуудуу татах,  усалгаа, арчилгаа хийх, тороор хамгаалах, харуул хамгаалалтыг тогтмол гаргаж байгаа бөгөөд 7 хоногт  хоёр удаагийн усалгаа хийж байна. Цаашид  тарьсан модыг услахдаа худаг болон зөөврийн усалгаа гэсэн 2 төрлөөр хийх аж.    

Иргэдийн оролцоотойгоор 3 жилийн хугацаанд тарих нэг модыг ургуулах зардал нь 18000 төгрөг гэнэ. Тиймээс иргэдийг  тус ажилд идэвх санаачилгатай оролцож, Ховд хотын ногоон үүд хаалга бий болгохыг уриалав.


Холбоотой мэдээ