Засаг даргын нэрэмжит олимпиад зохион явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Сурагчдынхаа сурах идэвх чармайлтыг дээшлүүлэх, багшийн заах арга зүйн түвшинг тодорхойлох, улс, аймгийн чанартай уралдаан тэмцээнд оролцох бэлтгэл болгох зорилгоор анх удаа Мөнгөнморьт сумын Засаг даргын нэрэмжит олимпиадыг зохион явуулжээ.
Олимпиадыг 03 дугаар сарын 05-ны өдрийн А/27 тоот захирамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг 03 дугаар сарын 06-18-нд амжилттай зохион байгуулсан байна.
Олимпиадад 1-9 дүгээр ангийн 1012 сурагч 12 төрлийн хичээлийн хөтөлбөрөөр оролцжээ.
1012 сурагчаас 14 хүүхэд алтан медаль, 17 хүүхэд мөнгө, 43 хүүхэд хүрэл медалийн эзэн боллоо гэж тус сургуулийн сургалтын менежер Д.Хүрэлбаатар мэдээллээ.
Цаашид сумын Засаг даргын нэрэмжит олимпиадыг жил бүр тогтмол явуулахаар болсон байна.
Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургууль нь 2002 онд тус сумаас төрөн гарсан МУСГЗ, сэтгүүлч Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит болсон юм.