Гар бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер С.Кенесхан 200 гаруй тамирчин бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-02 17:13:39

Ховд /МОНЦАМЭ/. Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы нэрэмжит Гар бөмбөгийн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах  тэмцээн  энэ сарын 02-09-нд  Ховд аймагт болж байна.

Тэмцээнийг Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар тогтоолын дагуу Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы нэрэмжит  болгожээ. 

С.Кенесхан нь 1970 оны Болгар Улсад зохиосон гар бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглогч, Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер юм. Тэрбээр Ховд аймагт гар бөмбөгийн спортыг хөгжүүлэх, залуу үеийг спортоор  хичээллэх  хүсэл  эрмэлзэлтэй,  авьяас, ур чадвартай болгоход үнэтэй хувь нэмэр оруулж, шилдэг тэргүүний  200 гаруй тамирчныг сурган бэлтгэсэн чадварлаг  багш, дасгалжуулагч байсныг  салбарынхан онцоллоо.  

Түүний авьяас, ур чадвар, амжилт ололтыг энэхүү тэмцээнээр дамжуулан олон нийтэд таниулан сурталчлахыг зорьж байгаа гэнэ.  


Холбоотой мэдээ