Эрдэмтэд “ухаалаг” унтлагын хувцас бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-04-02 15:55:18

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн хэсэг эрдэмтэд нойргүйдлийн бодит шалтгааныг илрүүлж, бие махбодын "сул" хэсгүүдийг тодорхойлох замаар оношийг зөв тогтооход туслах “хосгүй” унтлагын хувцас бүтээжээ.


Шинжлэх ухааны мэдээллийн “EurekAlert” цахим хуудсанд мэдээлснээр, уг “ухаалаг унтлагын хувцсанд” унтаж байх үеийн амьсгалын тоо болон зүрхний цохилтыг хэмжэх тусгай мэдрэгч суурилсан байна.


“Ухаалаг” унтлагын хувцас нь мэдрэгч бүхий пьезоэлектрик буюу биет деформацид орох үед цахилгаан энерги үүсгэдэг материалаар хийсэн таван полимер хэсгээс бүрддэг аж. Эдгээр хэсгийг мөнгөөр бүрсэн нейлон утсуудаар хооронд нь холбосон бөгөөд утсууд нь цахилгаан гүйдлийн хавтан бүхий тусгай товчинд холбогджээ. Мэдээллүүдийг энэ схемийн бас нэг хэсэг болох жижиг Bluetooth-мэдрэгчээр дамжуулан өгнө.


Уг хувцас нь мөн унтаж байгаа хүний биеийн байрлалын өөрчлөлт болон даралтыг хэмждэг хоёр автомат мэдрэгчтэй байна. Цахилгаан төхөөрөмж суурилуулсан ихэнх хувцаснаас ялгаатай нь энэ унтлагын хувцас нь угаалтын ая даадаг, удаан элэгддэг аж. Эрдэмтдийн ярьснаар, сайн дурынхан оролцсон хэд хэдэн туршилт амжилттай болжээ. “Ухаалаг” унтлагын хувцсыг ирэх хоёр жилийн дотор зах зээл дээр танилцуулах бөгөөд урьдчилсан тооцоогоор, 100-200 ам.долларын үнэтэй байх аж.


Холбоотой мэдээ