Замын тэмдэг тэмдэглэгээг шинэчлэн засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-04-09 11:52:06
Баянхонгор /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах ажлын чухал хэсэг болох замын тэмдэг тэмдэглэгээг “Баянхонгор тохижилт үйлчилгээ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар хариуцан ажиллахаар болжээ.
Энэ хүрээнд “Баянхонгор тохижилт үйлчилгээ” ОНӨҮГ, аймгийн Цагдаагийн газартай хамтран төв зам дагуух замын тэмдэглэгээ тухайн газраа шаардлага хангаж байгаа эсэх, засварлах болон шинэчлэх шаардлагатай тэмдэг тэмдэглэгээ хэчнээн байгаад хяналт хийж, бүртгэлжүүлсэн байна.
Аймгийн хэмжээнд тодорхой чиглэлүүдэд замын хөдөлгөөний тэмдэг байх ч зарим хэсэгт чанарын шаардлага хангаагүй буюу стандарт бус, хуулгаар хийсэн нь ховхорсон, тэмдэглэлээг буруу байрлуулсан зэрэг зөрчил илэрчээ. Түүнчлэн зам дагуух тэмдгийг автомашинаар дайрч, хугалж далийлгасан тохиолдол ч нэлээд байдаг байна.
Ийнхүү хяналтын хүрээнд илэрсэн зөрчлүүдийг “Баянхонгор тохижилт үйлчилгээ” ОНӨҮГ хариуцан засварлах шинэчлэх ажлыг удахгүй зохион байгуулах бөгөөд цаашид нийт жолооч, зорчигч та бүхнийг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг тус албанаас уриаллаа.
Холбоотой мэдээ