Монголын эдийн засаг 2020 он хүртэл тогтвортой өснө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк /АХБ/-ны эдийн засгийн голлох нийтлэл болох "Азийн хөгжлийн төлөв" тайлангийн энэ оны дугаарт, Монгол Улсын эдийн засгийн өсөлт ноднин 6.9 хувь байсан бол, энэ жил бага зэрэг буурч 6.7 хувь, ирэх жил 6.3 хувь болно гэж таамаглажээ. АХБ-наас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлаар дээрх тайланг танилцуулсан юм.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт ялимгүй буурах ч дотоодын эрэлт өсөх, үйлчилгээ болон боловсруулах үйлдвэрлэл тогтворжих, хөдөө аж ахуйн салбар сэргэх зэргээс хамаараад эдийн засаг тогтвортой байна хэмээн тус тайланд дурджээ.
АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлэхдээ, “2019, 2020 оны Монгол Улсын эдийн засгийн төлөв эерэг хандлагатай байна. Ноднин Монголын эдийн засгийн өсөлт төсөөллөөс давсан. Тэр дундаа, макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж макро эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд дэм болж байгаа юм. Засгийн газраас үр ашигтай бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь эдийн засгийн мөчлөг дагасан эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээв.
Инфляци ноднин дунджаар, 6.8 хувь байсан бол энэ онд 8.5 хувьд хүрэхээр байна. Энэ нь төсвийн зардал нэмэгдсэнээс үүдсэн дотоод эрэлтийн өсөлт, мөн ноднингийн сүүлийн хагаст төгрөгийн ханш суларсан болон шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Энэ жил алтны экспорт нэмэгдэж, тээврийн салбарын орлого сайжирна гэж үзсэн байна. Уул уурхайн салбарын өсөлт болон өсөн нэмэгдэж буй махны экспорт нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт эергээр нөлөөлнө. Төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр барилгын салбарын үйл ажиллагаа сэргэх бөгөөд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт ч мөн энэ онд үргэлжпэх аж. Ирэх жил инфляц буурч 7.5 хувьд тогтворжино гэж тус тайланд таамаглажээ.
АХБ-ны ахлах эдийн засагч Деклан Магий, “Энэ жил Засгийн газрын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна. Ингэснээр урсгал дансны алдагдал ноднин ДНБ-ий 14.6 хувьтай тэнцэж байсан бол энэ жил 9.6 хувьд хүрч буурна. Гэхдээ энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн хэрэглээний зээлийн хязгаарлалттай холбоотойгоор автомашины импорт буурсан. Мөн алтны экспорт нэмэгдэх төлөвтэй байгаа нь ирэх жил урсгал дансны алдагдал ДНБ-ний 13.0 хувьд хүрч өсөх хандлагатай. Төсвийн орлого нэмэгдэж байгаа ч зардал нь мөн адил ихсээд байгаа юм. Мөн гадаад зах зээл дэх түүхий эдийн үнийн савалгаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт зэргээс Монголын эдийн засаг шууд хамааралтай байна. Тиймээс Засгийн газар бодлогоо зөв тодорхойлж, татварыг түүхий эдийн үнийн савалгаанаас ангид байлгах шаардлагатай. Түүнчлэн төрийн худалдан авалтыг үр ашигтай байлгахад анхаарч, төсвийн хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй салбарт оруулах хэрэгтэй” хэмээв.
Мөн тэрбээр, “Монгол Улсын төсөв таван жилийн туршид алдагдалтай явж ирсэн ч ноднин анх удаа ашигтай болсон. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрээс хамааралтай. Тиймээс эдийн засгийн өсөлтөөс ирсэн орлогоо ашиглан, хуримтлал үүсгээд, түүгээрээ өрөө төлөөд явах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Банкны салбарт ахиц гарсан ч чанаргүй зээл маш олон байна. Тиймээс энэ салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай" хэмээв.
Гэрэл зургийг Б.Чадраабал