Б.Бадамсүрэн: Монгол бичгийн юникодын асуудлыг хэлэлцэж байна

Монголын мэдээ | Тодруулга
bolor@montsame.mn
2019-04-04 12:58:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Юникод консерциум олон улсын компьютерын кодчилол стандартын байгууллагатай хамтран зохион байгуулж буй Монгол бичгийн юникодын ажлын хэсгийн 3 дугаар хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хуралд Монголын талаас БСШУСЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Стандарт хэмжилзүйн газар, Монгол хэлний бодлогын зөвлөлийн ажлын алба, ШУА, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Инноваци, мэдээллийн технологийн хэлтэс, Болорсофт компани, судлаач, хэрэглэгч байгууллагын төлөөлөл, Өвөрмонголын төрийн байгууллага, үндэсний асуудал эрхэлсэн комиссын тэргүүн, 2 их сургуулийн судлаач эрдэмтэн, хэрэглэгч болон бизнесийн байгууллагын төлөөлөл 10 гаруй хүн оролцож илтгэл тавьж байна. Хурал гурван өдөр үргэлжилнэ.



Хурлын үеэр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэнгээс дараах асуултад хариулт авав.


-Энэхүү хурлаар ямар асуудлууд хэлэлцэж байна вэ?


-Өмнө нь хоёр удаа хуралдсан. Жилд нэг удаа зохион байгуулж байгаа. Энэ хурал зохион байгуулах гол шалтгаан нь монгол бичгийн кодчиллын асуудал нэг мөр шийдэгдээгүй, засаж залруулах, сайжруулах зүйл байгаатай холбоотой. Хоёрдугаарт, монгол хэл бол дүрс бичлэгийн биш, авианы хэл юм. Авиа зүйн загвараар кодчилж явсан системийг Юникодын шинжээч Лин Хай, "Тус загварт олон асуудал гарч ирээд байгаа тул графитик буюу дүрс зурлагын аргаар буюу  хятад, солонгос, япон үсэгтэй адил аргаар загварчилж болно. Ингэвэл олон асуудлыг хялбар шийдвэрлэж болох юм" гэсэн санал гаргасан юм билээ. Түүнийг нь Монгол, Өвөрмонголын эрдэмтэд дургүйцэж, монгол хэлнийхээ онцлогийг харгалзан кодлох санал баримталж байгаа юм. Нэг үе сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр графитик загвараар кодлох тухай Хятадын талын саналыг зүтгүүлж байгаа, түүнийг нь Монголын зарим эрдэмтэн дэмжиж байна гэсэн хардлага цацагдсан. Яг үнэндээ, Өвөрмонгол болон Монголын тал дэмжсэн зүйл байхгүй юм.

Монгол Улсын ISO Юникодын стандартыг Монгол болон Өвөрмонголын эрдэмтэд 1990-ээд оны дунд үеэс боловсруулж Юникодоор, дараа нь олон улсын ISO байгууллагаар 1999 онд батлуулсан. Түүнээс хойш цаг хугацаа өнгөрч, компьютер техник технологийн дэвшил гарсан. Хэрэглэгчид цахимжиж, хувь хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тоон технологи ашигладаг байгууллагуудын хандлага өөрчлөгдсөн. Тиймээс хэрэглэгчид төвөг багатай, хялбар дөхөм байх зармчыг чухалчилж эхэлсэн. Хэрэглэгчид хялбар байна гэдэг нь удирдах тэмдэг гэж мэргэжлийн хэлээр тодорхойлдог нууц тэмдгүүдийг цөөлөхийг хэлж байгаа юм. Болорсофт компани, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас оруулж байгаа санал мөн ийм.


-Чухам хэзээнээс цахим хэрэглээнд монгол бичгийг ямар ч төвөггүй хэрэглэж болох вэ?


-Ер нь одоо хэрэглэх боломж байгаа. Гэхдээ хүндрэлтэй, төвөгтэй байна гэсэн асуудал л яригддаг. Үүнийг оновчтой болгож сайжруулах хэрэгтэй байгаа. Манай талын саналыг Өвөрмонголын тал хэрхэн дэмжихээс асуудал шалтгаалах юм. 


-Болорсофт компани "Тунгаамал загвар" танилцуулсан. Хэр оновчтой загвар гэж та бүхэн үзэж байгаа вэ?


-Оновчтой гэдэгт шинжээчид хариу хэлнэ. Юникодын техникийн шинжээчид, Монголын эрдэмтэд, Өвөрмонголын тал шийдвэрээ гаргана. Оновчтой гэсэн талд хэрэглэгчид хялбар байх нөгөө л асуудал яригдаж буй хэрэг шүү дээ. Өөрөөр хэлбэл, удирдах тэмдгийг цөөлөх. Судлаачдын санал ч тийм байгаа. Нөгөө талаар Болорсофт компани эр, эм үгийн Х, Г үсгийг тусад нь салгах санал дэвшүүлсэн. Үүнийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх эсэхийг Юникодын кодчиллын шинжээчид болон хэлний мэргэжилтнүүд шийднэ. Уг нь эр, эм үгийг тусад нь салгахад сайн тал бий. Энэ нь хэрэглэгчид хялбар, олон удирдах тэмдэг ашиглахгүй байх юм. Нөгөө талдаа, монгол хэлний хэлзүйн талаасаа зохистой биш гэж зарим эрдэмтэд хэлдэг.


-Энэ хурлаас ямар үр дүн хүлээж байна вэ?


-Аль болох зөвшилцөлд хүрэхийг хичээнэ. Яагаад гэвэл, Юникодод нэг л нэгдсэн загвар байх ёстой. Тиймээс нэгдсэн саналд хүрэхийг эрмэлзэж байна.

Холбоотой мэдээ