Ээлжит чуулган эхэлж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн өрийг барагдуулсан долоо хоног

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-06 16:01:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийсэн, Стандарт банк дахь "Эрдэнэт үйлдвэр"-ийн өрийг төлсөн, Засгийн газраас Төрийн бүх шатны албан хаагч мөрийтэй тоглохыг хориглосон зэргээр өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд хэд хэдэн үйл явдал өрнөв. Өнгөрч буй долоо хоногт улс төрд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.


"Эрдэнэт" үйлдвэр "Стандарт" банкинд өргүй болов


Эрдэнэт үйлдвэр зурган илэрцүүд

Эрдэнэт" үйлдвэрийн “Стандарт” банк дахь өрийг тус үйлдвэрийн Эрсдэлийн сангаас бүрэн барагдуулсан талаар Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 5-нд мэдээлэв. 


“Жаст” группын захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулахдаа "Эрдэнэт" үйлдвэрийг батлан даагчаар оролцуулжээ. Тэрбээр, 2012 он хүртэл нийт 160 сая ам.долларын зээл авсан ч үүнийгээ төлөөгүй тул "Стандарт" банк Лондонгийн олон улсын Арбитрын шүүхэд хандаж, “Эрдэнэт" үйлдвэрээс 85.95 сая ам.доллар нэхэмжилсэн юм. Арбитрын шүүх хуралдааны үеэр Ш.Батхүү "Эрдэнэт үйлдвэр"-ийг батлан даагчаар оролцуулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлснээ хүлээсэн ч шүүх хүлээж аваагүй юм. Улмаар Монгол улс дээрх төлбөрийг төлөхтэй санал нийлэхгүй, 51 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргаж, Английн дээд шүүхэд давж заалдах гэсэн боловч эхлээд 51 сая ам.доллароо "Стандарт" банкинд төлөх шаардлага тавьжээ. Тухайн үед энэ мөнгийг төлөх боломж Засгийн газарт, "Эрдэнэт" үйлдвэрт байгаагүй тул, 2018 онд "Стандарт" банк  Лондонгийн дээд шүүхэд дахин хандсан байна. Ингээд Арбитрын шүүхээс "Стандарт" банкны өрийг бүрэн барагдуулах эцсийн шийдвэр гаргасан юм.


Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин, "Бид гадаадын зуучлагч компаниар дамжуулж “Стандарт” банктай холбогдож, ноднин наймдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл удаа дараа яриа, хэлэлцээр хийснээр 40 сая ам.долларыг хүү торгуульгүй төлөхөөр тохиролцсон. Засгийн газраас энэ өрийг яаралтай төлөх үүрэг чиглэлийг Төрийн өмчийн хороо, бодлого зохицуулалтын газар /ТӨХБЗГ/, “Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагад өгсөн. Энэ дагуу “Эрдэнэт" үйлдвэрийн зээлийн эрсдэлийн сангаас дээрх төлбөрийг “Стандарт” банкинд шилжүүлсэн. Ингээд "Эрдэнэт үйлдвэр"-ийн гадаад өрийн асуудал бүрэн шийдэгдлээ. Одоо хуулийн байгууллага буруутай этгээдийг олж, энэ мөнгийг эргүүлэн төлүүлэх болно" хэмээв.


Төрийн бүх шатны албан хаагчид казино тоглохыг хориглов



Засгийн газрын энэ сарын 3-ны ээлжит хуралдаанаар, Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.


Тодруулбал, төрийн бүх шатны албан тушаалтан дотоод, гадаадад мөрийтэй тоглохгүй байх, энэ төрлийн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхгүй байх заалтыг уг дүрэмд  нэмж тусгасан юм. Мөрийтэй тоглосон тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Энэхүү заалтыг эхний ээлжинд зургаан сар хэрэгжүүлэх бөгөөд хэрэв хангалтгүй хэрэгжүүлбэл, Төрийн албан хаагчийг мөрийтэй тоглохыг хориглох хуулийн төсөл боловсруулах аж.


Уг заалтыг хэрэгжүүлэхэд Төрийн албаны зөвлөл, хууль хяналтын байгууллага төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэд ихээхэн чухал үүрэгтэйг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцлов. Тэрбээр, "Төрийн албан хаагч бол олон нийтийн сайн сайхны төлөө ажиллах тангараг өргөдөг. Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчид казинод тоглож мөнгө угаах, авлигал, бусдын нөлөөнд автах болсон. Ялангуяа, төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга, удирдах албан тушаалтнууд казино тоглосон талаар дэлхийн хэвлэл, мэдээллээр гарах боллоо. Төрийн албан хаагч мөрийтэй тоглосон тухай мэдээллийг иргэд ЗГХЭГ-т шууд хүргүүлж болно. Харин мөрийтэй тоглосон УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох боломж Засгийн газарт байхгүй. Гэхдээ УИХ-ын гишүүний талаар мэдээлэл ирсэн тохиолдолд олон нийтэд нээлттэй зарлах болно" гэсэн юм.


Бага ангийн сурагчдын дунд олимпиад зохион байгуулахыг хориглов



БСШУС-ын Ё.Баатарбилэг энэ сарын 2-нд Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах тухай тушаал гаргалаа.


Тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд олимпиад зохион байгуулахыг хориглов. Харин бага ангийн хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх, эх түүхээ танин мэдэх, ахмад настныг хүндэтгэх ёсонд сургах багийн уралдаан зохион байгуулахыг дэмжих аж. Мөн 9 болон 12 дугаар ангийн сурагч, тэдний багш нарыг БСШУСЯ-наас баталсан олон улсын болон дотоодын төрөлжсөн олимпиад, Монголын хүүхдийн спортын VI наадмын зуны төрлийн анхан шатны тэмцээнээс бусад уралдаан, тэмцээнд оролцуулахгүй байхыг аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлагад үүрэг болгосон байна.


Түүнчлэн багш нарыг орон нутгийн захиргаанаас зохион байгуулдаг аливаа ажилд татан оролцуулах, төрөл бүрийн уралдаан, тэмцээн, олимпиадад оролцох сурагчдаас хураамж авахыг хориглосон байна. 


УИХ-ын хаврын ээлжит чуулганыг нээв



УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганыг энэ сарын 5-нд нээв. Хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, УИХ, Ерөнхийлөгч, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 29 асуудал хэлэлцэх юм.

Чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Энэ удаагийн чуулган иргэд, олон нийтийн хүсэн хүлээсэн олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн асуудал олон нийтэд ил болсон нь шүүх эрх мэдлийн тогтолцоонд ноцтой байдал бий болсныг илтгэж байна. Шүүх, хуулийн байгууллагад бий болсон алдаа нь улс орны язгуур эрх ашиг, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмжээнд хүрч даамжирсан байна. Иймд хэдхэн хоногийн өмнө бид Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. ҮАБЗ-өөс монгол хүний язгуур эрх ашгийг хохироосон шүүгчийн ёс зүй, үйл ажиллагаатай илэрхий буруу үйлдлийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд зөвлөмж хүргүүлэх юм. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл баримт, нотолгоонд тулгуурлан шүүгчийг чөлөөлөх эсэхийг шийдвэрлэх эрхтэй хэвээр байгаа. Үүнийг мушгин гуйвуулж, дотоод, гадаадад ташаа мэдээлэл түгээж байгааг залруулах ёстой. Улсын ерөнхий прокурор, орлогчийг томилох асуудлыг хойшлуулалгүй зөвшилцөж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон бусад холбогдох албан тушаалтны асуудлыг шуурхай шийдвэрлэж, хууль, шүүх засаглалд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх шаардлагатай байна. Хууль тогтоох байгууллага, шүүхийн хараат бус байдал гэсэн халхавчийн ард нуугдсан хариуцлагагүй, шударга бус тогтолцоог халах шаардлага урган гарч байна. Мөн хаврын ээлжит чуулганаар ирэх гурван жил баримтлах төсвийн бодлогоо тодорхойлж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах ёстой. Бид Монгол түмнийхээ төлөө гэсэн нэгдмэл, нэг зорилготой. Учир утгагүй улс төржилт, талцал, хуваагдлыг өнөөдрөөс эхлэн эцэс болгохыг уриалж байна. Засгийн газрын сайд бүр ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэхэд онцгойлон анхаарч, төмөр зам, газрын тосны үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтыг үр дүнд хүргэн ард түмний амьжиргааг дээшлүүлэхийн төлөө тууштай ажиллах хэрэгтэй. Зөвийг буруу болгон баллах, талцал хуваагдал, үймээн бужигнаанд уриалах боллоо. Монгол Улсыг ШХАБ-д хүчээр элсүүлэх гэж байна гэсэн ор үндэсгүй яриа үүний нэг илрэл юм. Энэ мэт асуудлыг нарийвчлан судлан, гадаад бодлогыг тодорхойлох онцгой бүрэн эрх зөвхөн УИХ-д хадгалагдах болно. УИХ гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө шийдвэр гаргах ёстой” хэмээв.


Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томиллоо



Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 5-нд захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томиллоо.


Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилохдоо УИХ-тай зөвшилцөх хуулийн заалттай. Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох асуудлыг зөвшилцөх саналаа энэ сарын 04-нд УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн бөгөөд тэр даруйд Ерөнхийлөгч зарлиг гарган томилж, Б.Жаргалсайхан үүрэгт ажлаа хүлээн авсан юм.


Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий компаниуд зээл авсан асуудал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Эрдэнэт" үйлдвэрийн 49, 51 хувийн асуудал зэрэг нийгэмд хүлээлт үүсгээд буй томоохон хэргүүдийг шуурхай шийдвэрлэх шаардлагатай гэдгийг нэр дэвшигчид захив.



Б.Жаргалсайхан 55 настай. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэгтэй юм.

Холбоотой мэдээ