Тяньжин-2025: ШХАБ-ын шинэ 10 жилийн түүхийн эхлэл

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-09-08 13:21:20

УЛААНБААТАР, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Бохайн тэнгисийн боомт хот Тяньжинд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт амжилттай болж өнгөрлөө. Уулзалтад дэлхийн 10 улсын төрийн тэргүүн нар, олон улсын 20 гаруй байгууллагын удирдагчид оролцсон нь тус байгууллагын түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй арга хэмжээ болсныг илтгэх бөгөөд өнгөрсөн долоо хоногийн  гол үйл явдал байв.


Өндөр дээд хэмжээний 20 гаруй зочдын дунд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НАТО-гийн гишүүн Турк, Словакийн төрийн тэргүүн нар байсан бол уулзалтыг 3 мянга орчим сэтгүүлч сурвалжлав.


Дээд хэмжээний уулзалт буюу албан ёсны нэрээр ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанаас 2035 он хүртэлх ШХАБ-ын хөгжлийн стратегийн төлөвлөгөө ба Тяньжины тунхаглал гэсэн хоёр үндсэн баримт бичгийг баталснаас гадна хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан нь чуулга уулзалтын гол үр дүн юм.


Тяньжины тунхаглалын үндсэн санаануудыг багцалбаас, ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нар “нэг талаас хүчээр тулгасан эдийн засгийн шинжтэй арга хэмжээнүүд”-ийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн нь Д.Трампын явуулж буй татварын бодлогод дургүйцсэн хэрэг юм.


Мөн ШХАБ-ын гишүүн улс болох Ираны эсрэг Израил, АНУ цохилт өгснийг болон Газын зурваст хүмүүнлэгийн хямралыг өдөөсөн үйлдлийг зэмлэн буруушаажээ.


Түүнчлэн сансрын орон зай ба мэдээллийн салбарыг цэрэгжүүлэхийн эсрэг байр сууриа илэрхийлээд, эдгээр салбарт олон улсын хамтын ажиллагааг өрнүүлэхийг уриаллаа. Мөн дэлхийн II дайны талаарх түүхэн дурсамжийг хадгалах хэрэгтэй гэдгийг дурдаад, нацизмыг зөвтгөх, фашизмыг бут ниргэхэд ШХАБ-ын орнуудын гүйцэтгэсэн үүргийг санаатайгаар үгүйсгэн бүдгэрүүлэх гэсэн оролдлогуудыг буруушаав.


Өнгөрсөн оны Астанагийн тунхаглалд Украины асуудлыг хөндсөн бол Тяньжины тунхаглалд огт дурдсангүй. Гэхдээ ямартаа ч уг асуудлыг дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцжээ.


Эдгээрээс гадна бусад салбарт хамтран ажиллах тухай хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсныг дурдвал: Хэт даврах үзэл суртлыг сөрөн зогсоход чиглэсэн ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааны Хөтөлбөр, 2030 он хүртэлх хугацаанд Эрчим хүчний салбарт хамтран ажиллах стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх замын зургийг баталснаас гадна ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүй байдалд учирч буй сорилт, аюулыг сөрөн зогсох зорилго бүхий Олон талт  ажиллагааны нэгдсэн төвийн тухай болон Хар тамхитай тэмцэх төвийн тухай хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа.


Байгуулагдсанаасаа хойших 24 жилийн хугацаанд ШХАБ нь бүс нутгийн хэмжээний байгууллагаас олон улсын яриа хэлэлцээний ба дэлхий дахины глобал удирдлагын чухал талбар болсныг энэ удаагийн чуулга уулзалт харууллаа. Өөрөөр хэлбэл, ШХАБ бол ердийн нэг мэтгэлцээний клуб биш, харин барууныхны тогтоосон дэлхийн дэг журмыг орлож чадах бодитой хувилбар юм гэдгийг зарим ажиглагч онцлон тэмдэглэж байна. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш хэлэхдээ, “Олон туйлт дэлхий ертөнц”-ийг бий болгох нь чухал" гэдгийг дурдаад, ШХАБ бол эл зорилгод хүрэх “бааз сууриудын” нэг нь болж чадна гэдгийг онцолсон юм.


Өрнө, Дорно хоёр ашиг сонирхлын хувьд зөрчилдөөнтэй төдийгүй дэлхийн ирээдүйн тогтолцоог хэрхэн бүрдүүлэх тал дээр байр суурийн зөрүүтэй гэдгийг, дэлхийн улс төрийн бодлогод томоохон өөрчлөлт гарч байгааг Тяньжины уулзалт харууллаа.


Энэ удаагийн уулзалтын онцлог бол, урьд өмнө болж байгаагүй олон тооны хоёр талын болон олон талт уулзалтууд  болсон явдал юм. Мөн глобал аюулгүй байдлын ба эдийн засгийн асуудлуудыг ижил түвшинд авч хэлэлцлээ. Тухайлбал, ШХАБ-ын Хөгжлийн банкийг байгуулах талаар Тяньжины тунхаглалд тусгасан байна. Мөн энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ШХАБ-ын гишүүн улсуудын хамтын облигац гаргах, тус байгууллагын төлбөр тооцооны болон хадгаламжийн дэд бүтцийг бий болгох саналыг дэвшүүллээ.


Түүнээс гадна, Тяньжины саммитын үеэр Орос, Хятад, Энэтхэг улсуудын төрийн тэргүүн нарын уулзалт, хэлсэн үгс нь олны анхаарлыг хамгийн ихээр татаж байлаа. Хоорондоо багагүй зөрчилдөөнтэй Хятад-Энэтхэгийн харилцаа зөөлрөх шинжтэй болсныг Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди 2020 оноос хойш анх удаагаа Хятадад айлчилсан явдал харуулав.


Мөн Монголын нутгаар дайруулан Орос-Хятадыг холбосон “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төсөл гацаанаас гарсныг ажиглагчид онцоллоо.


Мөн Армени, Азербайжан гэсэн хоёр улс “яриа хэлэлцээний түнш” статусаа өөрчилж, ШХАБ-ын жинхэнэ гишүүн болохоор багагүй хүчин чармайлт гаргасан боловч энэ удаад гишүүнээр элсүүлсэнгүй.


Бохайн тэнгисийн сувд - Тяньжин


Хааш хаашаа 100 гаруй км сунаж байрласан, 12 мянга орчим хав.дөр.км газар нутагтай, 13 сая хүн амтай энэ хот бол Бохайн тэнгисийн эргийн эдийн засгийн төв, Хятадын хойд бүс нутгийн олон улсын тээврийн гол зангилаа боомт юм. Тяньжин нь хойд Хятадын хамгийн том далайн боомтыг түшиглэсэн эдийн засгийн нээлттэй хот учраас түүнийг “Бохайн тэнгисийн сувд” хэмээдэг. Хоёр мянга гаруй жилийн түүхтэй тус хот XIX зууны дунд үеэс үйлдвэр, худалдааны боомт хот болж хөгжсөнөөр хойд Хятадын санхүү, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамгийн том төв болжээ.

Тяньжин гэдэг нь “тэнгэрийн гарам” гэсэн утгатай үг юм. Алтан улс, Юань гүрний үед тус хот  Жигү гэдэг нэртэй байсныг Мин улс байгуулагдсаны дараа Тяньжин болгон өөрчилсөн байна.


19 дүгээр зуун хүртэл Манж Чин гүрний эрх баригчид Тяньжины тодорхой заасан бүсүүдэд худалдаа хийхийг Европын компаниудад зөвшөөрч байсан бол Хар тамхины I дайнд ялагдсаныхаа дараа Европын улсуудад томоохон буулт хийж, Европын худалдаачид, аялагчид, шашны номлогчдод илүү өргөн эрхийг олгов. Ингэснээр “Тяньжины концесс” гэдэг ойлголт бий болсон бөгөөд Хайхэ голын дагуу 8 км урт газарт европ сургууль, эмнэлэг, цэргийн хуаран болон шорон хүртэл баригджээ. Улмаар барууны болон Оросын томоохон компаниуд төлөөлөгчийн газруудаа нээснээр, барууны нөлөө тус хотын барилгуудын хийц загвар, соёл, амьдралын хэвшилд тусгалаа олж, орчин цагийн өнгө төрхийг бий болгосон байна. Өдгөө Тяньжин нь түүхэн өв соёл ба орчин үеийн өнгө төрхийг хослуулсан хот бөгөөд Хайхэ гол тус хотын хөгжил дэвшил, олон талт соёлын нэгдэл, солилцооны тусгал болжээ.


Эл онцлогоос хамааран Тяньжин нь Хятадын бусад хотоос мэдэгдэхүйц өөр юм. XX зуунд тус хот хувьсгал, дайн тулаан, байгалийн гамшиг зэргийг туулахдаа соёл, аж байдлын өвөрмөц онцлог, түүх соёлын өвөө хадгалан үлдэж чаджээ. Энэ хотоос орчин цаг ба үүх түүх сүлэлдсэн олон өнгө төрх бүхий Хятад орныг  харах боломжтой. Уран барилгын хэв маяг, хийц загварын хувьд эрс тэс ялгаралтай /контраст/ бөгөөд 19, 20 дугаар зууны үеийн ар-деко, неоклассик, модерн загварын барилгууд олон харагдана. Нэг дор франц сүм, британи харшууд, япон хороолол хаяа дэрлэн орших нь аянчин гийчдэд цаг хугацаагаар аялж буй мэт мэдрэмжийг төрүүлнэ. Жижиг мухлагууд бүхий гудамжаар алхаж байснаа гэнэт европчуудын хороололд нэвтрэх ба хэдхэн минутын дараа орчин цагийн инженерчлэлийн гайхамшиг болох тэнгэр баганадсан шилэн барилгууд нүдний өмнө дурайна.


Тяньжины газар нутгийн 40 хувийг тариалангийн талбай эзэлдэг гэх бөгөөд хотын дотор маш олон том цэцэрлэгт хүрээлэнгүүд байгааг харвал 13 сая иргэд нь хаанаа багтаж шингэж амьдардаг юм бол гэсэн бодол төрнө. Бодвол, 30-40 давхар орон сууцны байшингуудыг нэг дор 20, 30-аар нь босгож барьсан хорооллууддаа амьдардаг юм болов уу.  


Төмөр замын буудлаас холгүй урсах Хайхэ гол дээр барьсан “Тяньжины нүд” гэдэг нэртэй алсыг харагч 110 м-ийн голчтой, 8 хүний багтаамжтай 64 бүхээгтэй бөгөөд Тяньжины нэрийн хуудас юм. Мөн 415 м өндөртэй телевизийн цамхаг нь Тяньжины бэлгэ тэмдэг бөгөөд түүнийг хүрээлсэн хиймэл нуур, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн бүхий цогцолборт жуулчид олноороо ирдэг. Тяньжины дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын удирдагч Ши Жиньпиний гэргий Пэн Ли Юань уулзалтад оролцсон гадаад улсуудын төрийн тэргүүн нарын  гэргий нарын хамт Хайхэ голоор завь хөлөглөн аялжээ.


Тяньжин хотод дэлхийд болон Хятадад хамгийн томд тооцогдох гүний усан боомт байрлах ба жилд 500 сая гаруй тонн ачаа хүлээн авдаг. Тус боомт дэлхийн 180 гаруй улс, 500 гаруй боомт руу ачаа тээвэрлэж, хүлээн авдаг байна.


Монгол Улсын хувьд, далайд хамгийн ойр гарц нь Тяньжины боомт бөгөөд түүгээр дамжуулан жилд 90 мянга гаруй чингэлгийг Улаанбаатар хотод тээвэрлэн авчирдаг.


Тодруулга буюу ШХАБ-ын товч түүх


ЗХУ гэдэг их гүрэн задарсанаар Төв Азийн хэд хэдэн орон тусгаар улс болсон бөгөөд ОХУ болон шинээр байгуулагдсан бусад улстай хилийн хэлэлцээр байгуулах нь Хятад улсын хувьд нэн тулгамдсан асуудал байв. Ингээд нэг талаас БНХАУ, нөгөө талаас ОХУ, Казахстан, Тажикистан, Киргиз улсууд хилийн асуудлаарх яриа хэлэлцээ хийсний үр дүнд 7000 гаруй км урттай хилийн бүсэд итгэлцлийг бэхжүүлэх тухай олон талт хэлэлцээрийг 1996 онд Шанхай хотод байгуулснаар "Шанхайн тав" гэдэг бүтэц бий болжээ. 


Анх байгуулагдахдаа “Шанхайн тав”-ын үйл ажиллагаа нь аюулгүй байдлыг хангах, цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх асуудалд төвлөрч байлаа. Тодруулбал, экстремизм, терроризм, сепаратизм гэсэн гурван хорт хүчний аюулыг сөрөн зогсох тухай асуудлыг голчлон хэлэлцдэг байсан бол аажимдаа үйл ажиллагааных нь хүрээ тэлсээр өдгөө 10 гишүүнтэй болжээ.

Холбоотой мэдээ