Б.Энхбаяр: Улаанбуудайн нутагшсан үрээр тариалалт хийх чиглэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-04-09 17:30:59

Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын агрономич Б.Энхбаяртай уулзаж ярилцлаа.


-Хаврын тариалалт хаяанд ирлээ. Энэ жил хэчнээн хэмжээний талбайд тариалалт хийх вэ?

-Энэ хавар нийт 47,0 мянган га талбайд тариалалт хийнэ. Үүнээс 42,0 мянган га талбайд үр тариа тариалахаар бэлтгэл хангаж байна. Төмс хүнсний ногоо 500 га талбайд тарих төлөвлөгөөтэй байгаа. Ирэх намар 55,0 мянган тонн буудай, мянга гаруй тонн төмс, хүнсний ногоо хураан авах төлөвлөгөөтэй байна. Үүний хүрээнд бэлтгэл ажлаа хангаж байна.


-Өнгөрсөн жил ургац сайн авсан. Үрээ хэрхэн нөөцөлсөн бол? 

-Хаврын тариалалтад улаан буудайн 5851 тонн үр шаардлагатай байгаа. Үүний 2900 тонныг аж ахуйн нэгж, иргэд нөөцөлсөн. Тариалалт хийхэд дутах 3444 тонн үрийг “Тариалан эрхлэлтийг дэмжих” сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр авч тариалалт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Мөн тариалалтад 417 тонн шатахуун хэрэгцээтэй. Үүнийг тус сангаас авахаар хуваарь захиалгыг гаргаад яаманд хүргүүллээ. 


-Улаанбуудайн үрийн чанар ямар байна вэ? 

-Бүх үрийг ариутгаж тариалах зорилттой байгаа. Үүнд шаардлагатай 5,0 тонн үр ариутгах бодисыг бас захиалгаар нийлүүлэхээр төлөвлөлөө. Одоогоор 2000 тонн үрийг МХГ-ын лабораториор шинжлүүлээд байгаа. Соёололт жаахан стандартад нийцэхгүй гарч байгаа тал бий. Үрийн чанарыг дээшлүүлэх тариалалт дөхөхөөр нарлуулах, цэвэрлүүлэх зөвлөмж хүргүүлж байгаа.


-Энэ онд газар тариалангийн салбарт ямар бодлого баримтлах вэ? 

-Саяхан аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн хийсэн. Энэ сард суманд тариаланчдын зөвлөлгөөн хийж, хаврын тариалалтын технологийн зөвлөмж өгөхөөр бэлтгэж байна. Энэ жилийн гол хийх ажил бол хөрс хамгаалах чиглэл рүүгээ анхаарч хөрсний үржил шимийн шинжилгээ хийлгэхээр төлөвлөөд ажиллаж байгаа. Рашаант суманд шинээр эзэмшиж байгаа 18,0 мянга га талбайд агорохимийн шинжилгээ хийлгэхээр ХААИС-тай тохирсон.

Өрхийн тариалан нэмэгдүүлэх талаар “Шинэ хөдөө” хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өмнө жилүүдэд тариалсан жимсний талбайд төслийн усалгааны систем гүйцээж тавина. Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр нийтдээ 100 гаруй хүлэмжийг иргэдэд нийлүүлэхээр бэлтгэж байна. Хүлэмжид тариалалт хийхээр үрслэгээ бэлтгэх зөвлөмжийг тариалан эрхлэгчдэд хүргүүллээ.


-Буудайн үр нутагшуулах ажил хийж байгаа. Үр дүн ямар гарч байна вэ?

-Улаан буудайн хувьд нутагшсан сортын үрээ тариалах чиглэл өгч байгаа. Үрийн хангамжаас хамаарч “Буриадская остастия”, Сэлэнгэ зэрэг гадаадын манайд нутагшиж байгаа үрээр тариалалт хийхийг зөвлөж байгаа.


-Аж ахуйн нэгж, иргэд улаанбуудайн үрийн чанар сайжруулах ажлаа яаж хийж байна вэ?

-Манай тариаланчид тариалах үрийн 50-70 хувийг нөөцөлсөн байгаа. Яах аргагүй үрийн шинэчлэл хийхээр дутагдах 2-3 мянган тонн үрээ захиалгад хамруулдаг. Ерөнхийдөө Баян-Агт, Бүрэгхангай сумынхан нөөцөлсөн үрээрээ тариалалт хийхээр байна. Хутаг-Өндөр, Тэшиг зэрэг ихээхэн хэмжээгээр тариалалт эрхэлдэг суманд бага буюу шаардагдах үрийн 20-30 хувийн захиалга авч байгаа. 

Холбоотой мэдээ