БУЛГАН: Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-23 16:08:37

Булган 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Булган аймагт хэрэгжиж буй “Булганы сэргэлт-Эрүүл Булган” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” сэдэвт сургалтыг Рашаант суманд 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Сургалтын хоёрдугаар үе шатыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад Баяннуур, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Рашаант сумын Эрүүл мэндийн төвийн их эмч, бага эмч нар хамрагдаж байна.


Энэхүү сургалтын зорилго нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байгаа юм.


Мобайл технологийг тус аймаг анх 2016 онд нэвтрүүлэн ашиглаж байгаа бөгөөд түүнээс хойш жил бүр сайжруулсаар ирсэн. Харин энэ жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тус аймгийн 16 сум, 1 тосгоны эрүүл мэндийн байгууллагад өндөр хүчин чадалтай мобайл аппарат олгосон.


Энэхүү мобайл аппарат нь зүрх болон эхо үзлэгийг интернэт орчин ашиглахгүйгээр хаана ч зөөвөрлөн авч явж оношлох,  аливаа өвчнийг эрт илрүүлэх давуу талтай юм. 


Мобайл аппаратаар анхан шатны тусламж үзүүлэх өрх, тосгоны эмч нарыг чадваржуулах сургалтад шат дараатай хамруулж байна.


2025 онд Сайхан суманд тойргийн дөрвөн сумын эмч нарт мөн Булган суманд 16 сумын эмч нарыг, энэ сарын 22-нд Рашаант суманд урд бүсийн эмч нарыг техник технологитой ажиллах үзлэг оношилгоо хийх сургалтад хамруулсан бол удахгүй Хангал суманд сургалтыг үргэлжлүүлэх тухай Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Отгонсүрэн ярилаа.





Холбоотой мэдээ