Босоо монгол бичгээр байгууллагаа гоёсон хамт олон шагналаа гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-09 17:17:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд Үндэснийхээ монгол бичгээр хаягжуулахыг уриалсан “Бүтээлч өрсөлдөөн” уралдааны дүн гарч тэргүүн байр эзэлсэн “Босоо монгол бичгээр байгууллагаа гоёсон хамт олон” өнөөдөр шагналаа гардан авлаа. 

Уралдаанд 7 байгууллага материалаа ирүүлснээс аймгийн ОБГ шалгарч, Өргөмжлөл, нэг сая төгрөгөөр шагнууллаа.

Энэхүү уралдааныг аймгийн БСУСГ, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн монгол хэлний багш нар, фэйсбүүкийн “Мисс эмэгтэйчүүд” группын бүсгүйчүүд санаачилж, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ дэмжин бүх байгууллагын дунд нэг сарын хугацаатай зарласан юм.

Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ, “Онцгой байдлын газар гадна хаягаа монгол бичгээр бичсэн төдийгүй дотоод самбар, танилцуулга, тохижилтоо ч хийхдээ монгол бичгээрээ бичсэн байгаа нь үнэхээр үлгэр жишээ ажил болжээ. Энэ уралдааныг манай эмэгтэйчүүд санаачилж, интернэтээр санхүүжилтээ босгон, ингэж идэвхтэй ажиллаж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад баярлаж байна, цаашдаа ч ийм санаачилгыг дэмжих болно” гэсэн юм.

Тус уралдааны тэргүүн байр эзэлсэн  байгууллагын шагналыг группээрээ дамжуулан иргэдийн хандиваар бүрдүүлжээ.

Цахимаар үйл ажиллагаагаа нэгтгэн, бүтээлчээр хамтран ажиллаж чаддаг дээрх эмэгтэйчүүдийн санаачилсан хаягжуулах уралдаан нь Монгол бичгийн үндэсний хөтөлбөр, “Үндэсний бичиг” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа болжээ. 

Холбоотой мэдээ