“Орцны сэргийлэгч” хэсэгчилсэн арга хэмжээ эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-10 13:04:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Орцны сэргийлэгч” хэсэгчилсэн арга хэмжээг Дархан сумын хэмжээнд аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийн газар, орон сууцанд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, тэмцэх, илрүүлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг татан оролцуулах, хамтын ажиллагааг сайжруулах, иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг хангах, аж ахуйн нэгж байгууллагуудын аюулгүй байдлыг ханган, зөрчил дутагдлыг илрүүлж, арилгуулах зорилгоор зохион байгуулж байна. 

Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ,  Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгаас хамтран зохион байгуулж буй энэхүү хэсэгчилсэн арга хэмжээ 2019 оны 04 дүгээр сарын 08-21-ний хоооронд үргэлжлэх аж. Энэ хугацаанд Дархан сумын 1-18 дугаар багийн нутаг дэвсгэрт бүх багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар, Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан хэсгийн байцаагч нар, олон нийтийн цагдаа нар хамтран зохион байгуулж байна.

“Орцны сэргийлэгч” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн ажээ.

Тодруулбал 1-18 дугаар багийн айл өрхөөр орж, иргэдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах, яриа таниулга хийх, орон сууцны орц, гэр хорооллын гудамж бүрт цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах идэвх санаачилгатай иргэдийг судалж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, харилцан мэдээ, мэдээлэл солилцох чиглэлээр ажиллах, ялангуяа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллүүдийг цаг алдалгүй мэдээлж байх нөхцөлийг бүрдүүлэх аж.

Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж, гарын авлага бэлтгэж тараах, 1-18 дугаар багийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй этгээдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, сургалт зохион байгуулах,
Гэр хороолол, орон сууцанд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулах ажээ
“Орцны сэргийлэгч” хэсэгчилсэн арга хэмжээний зорилго, ач холбогдол, хамтран зохион байгуулах ажлын талаар  багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нарт
нэг бүрчлэн танилцуулж, иргэдийн амар тайван амьдралын төлөө үр дүнтэй хамтран ажиллахыг Цагдаагийн газрын НХЖХТ-ийн дарга цагдаагийн дэд хурандаа Н.Батхишиг уриаллаа.14 хоногийн хугацаанд үргэлжлэх энэхүү арга хэмжээний тайлан мэдээг энэ сарын сүүлийн 7 хоногт танилцуулах аж.  “Орцны сэргийлэгч” хэсэгчилсэн арга хэмжээг анх удаа өргөн хүрээнд зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ