АРХАНГАЙ: Портеж хөтөлбөрийн үндэсний сургагч багш бэлтгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Эрт үеийн хөгжлийн дэмжлэг, оролцооны 6 хүртэлх насны хүүхдэд зориулсан Портеж хөтөлбөрийн үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг Архангай аймагт зохион байгууллаа.
Сургагч багш бэлтгэх сургалтын эхний өдөр Портеж эрт үеийн хөгжлийн дэмжлэг, боловсролын хөтөлбөрийн шинэчилсэн хувилбар, ашиглах гарын авлага, үйл ажиллагааны хөтөч, даалгаврын карт, шалгах хуудас зэрэг хөтөлбөртэй холбоотой мэдээллийг аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн, ХБИ-ийн хөгжлийн төвийн 22 албан хаагчийг хамруулан зохион байгуулсан юм.
Бага насны хүүхдийн хөгжлийн дэмжлэг, оролцооны Портеж хөтөлбөр нь хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй бага насны хүүхэдтэй аав, ээжүүдэд гэртээ өдөр тутам хүүхдээ хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг аргыг зөвлөж, тэднийг чиглүүлж, хэрэгтэй мэдээллээр хангадаг хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь Архангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд “Хөгжлийн дэмжлэг, үйлчилгээ” гэсэн нэрээр хэрэгждэг байна.
Сургалтыг төслийн Портеж хөтөлбөр хариуцсан зөвлөх, үндэсний сургагч багш М.Мөнхшүр болон Портеж хөтөлбөрийн үндэсний сургагч багш Э.Агиун нар удирдан онолын мэдлэг арга зүй, төвийн нийгмийн сэргээн засах албаны 8 мэргэжилтэнд ажлын байранд практикт тулгуурласан хүүхдийн хөгжлийн үнэлгээ, хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээний арга зүй сургалтыг тус тус зохион байгуулсан юм.
Үүнээс
хоёр мэргэжилтнийг “Бага
насны хүүхдийн хөгжлийн дэмжлэг, оролцооны Портеж хөтөлбөрийн үндэсний сургагч багшаар бэлтгэлээ.
Улаанбаатар