“Frontier Fintech Summit 2019” олон улсын арга хэмжээ зохион байгуулагдана

Монголын мэдээ | Эдийн Засаг
selenge.t@montsame.gov.mn
2019-04-10 14:06:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Финтек буюу санхүүгийн технологи нь санхүүгийн үйлчилгээг уламжлалт бус аргаар буюу онлайнаар, шуурхай, зардал багатайгаар хүргэх зорилготой технологи юм. Технологийн хөгжлийн ачаар финтек салбарын хөгжил дэлхий дахинд маш эрчтэй явагдаж байгаа нь Монголд ч тусгалаа олж байна. Төрөл бүрийн финтек стартап компаниуд үүсч, банкууд энэ чиглэлд шинэ бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлж, цахим мөнгөнүүдийг үүсгэсээр байна. Цаашид улам хөгжиж илүү боловсронгуй болох нь тодорхой энэ салбарт шинэ тоглогчид нэмэгдэж, тэр хэрээр ахиц дэвшлүүд олон гарч байгаагийн зэрэгцээ саад бэрхшээлүүд ч цөөнгүй бий. Энэ нь финтек салбарынханд салбарын боломж болон асуудлаа хэлэлцэж, салбарын ирээдүйгээ тодорхойлох шаардлага тулгараад байгааг илтгэнэ.

Яг энэ цаг мөчид Монголын Финтекийн Холбоо, Гадаад харилцааны яам, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран “Fintech Innovation in Frontier Market” сэдвийн дор “Frontier Fintech Summit 2019” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Дөрвөн өдрийн арга хэмжээний хүрээнд:

5 сарын 4-5-ны өдрүүдэд “Frontier Fintech Hackathon”;

5 сарын 10-ны өдөр ГХЯ дээр “Frontier Fintech Summit” Policy & Regulation дугуй ширээний хэлэлцүүлэг;

5 сарын 11-ний өдөр Шангрила зочид буудалд “Frontier Fintech Summit” тус тус зохион байгуулагдана.

Энэхүү чуулганд финтек салбарт дэлхийд тэргүүлж яваа энтрепренерүүд, Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчид, чадварлаг мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид оролцож финтекийн хөгжил, сайн жишээ, асуудлын шийдлүүдийг хэлэлцэн, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх ач холбогдолтой. Үүнээс гадна төрийн зохицуулах эрх байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, энэ салбарт ямар бодлого, зохицуулалтын орчин дутагдаж байгаа талаар хэлэлцэж, шаардлагатай хууль тогтоомж, зохицуулалтын талаар байр сууриа илэрхийлж хамтарч ажиллаж байгаа гэдгээрээ энэ чуулган өндөр ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ