“Мотоцикл” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-04-14 11:28:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Мотоциклоос үүдэлтэй зам тээврийн осол гэмтэл буурахгүй байна. Тус аймгийн хэмжээнд он гарсаар энэ төрлийн гэмт хэрэг хоёр бүртгэгдэж, нэг иргэн амь насаа алджээ. Энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Тиймээс хөдөө орон нутгийн замд үйлдэгдэж буй ослыг бууруулах, мотоциклийн эздийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс “Мотоцикл” нэгдсэн арга хэмжээг зарлалаа.

Энэ арга хэмжээний хүрээнд 13 сумын мотоцикл эзэмшигчдийг бүртгэхээс гадна зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт мэдээллийг өгч, хамгаалах малгай бусад хэрэгслийг зөв ашиглахад сургах юм. Ер нь ихэнх мотоциклийн осол хөдөө орон нутагт гардаг. Шалтгаан нь хамгаалах малгай өмсөөгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьснаас болдог. Мөн бичиг баримтны зөрчил орон нутагт маш их гардаг. Энэ бүх зөрчлийг бууруулах, арилгах тал дээр сумдын ЗДТГ, хэсгийн төлөөлөгч, цагдаа нартайгаа хамтран ажиллах болно гэж Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, хошууч Б.Ууганбаяр хэллээ.

04 дүгээр сарын 05-наас эхлэн нэг сарын хугацаанд улсын хэмжээнд мотоциклийн бүртгэл нэгдсэн арга хэмжээ явуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн санаачилгаар дээрх арга хэмжээг зарласан бөгөөд Авто тээвийн төвтэй хамтран хэрэгжүүлэх аж.

Холбоотой мэдээ