“Зохистой хөдөлмөр-Хөдөлмөрийн бүтээмж” аяны хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ХХҮГ, ҮЭХ, Хөгжил политехник коллеж, Ахмадын хороо хамтран “Зохистой хөдөлмөр-Хөдөлмөрийн бүтээмж” аяны хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Онцгой байдлын газарт ажиллалаа.
Энэ үеэр алба хаагчдад зориулан Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль болон хөдөлмөрийн бүтээмжийн талаар мэдээлэл хүргэх, санал солилцох, хөдөлмөрийн харилцаан дахь сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх замаар байгууллагын уур амьсгалыг эерэг болгох, ажлын өндөр бүтээмж бүхий хөдөлмөрч хамт олныг төлөвшүүлэх зорилгоор 8 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулав. Үүнд, хөдөлмөрийн бүтээмжийн талаарх ойлголт, хууль тогтоомжийн сургалт, хөдөлмөрийн харилцааны зөрчлийг арилгах, улмаар эрүүл аж төрөх, урт удаан наслах зөвлөмж, ажлын байрны дасгал хөдөлгөөн, сэтгэл ханамжийн судалгаа, эерэг харилцааны тохиолдол судлах ярилцлага зэрэг үйл ажиллагаа явуулав.
Тус үйл ажиллагаанд Онцгой байдлын газрын 60 гаруй алба хаагч оролцлоо. Мөн аймгийн Ахмадын хорооноос “Архины асуудалтай хотлоороо тэмцье” сэдэвт уриалга гаргаж, архи, тамхины хэрэглээ, түүний хор уршиг, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар судалгааны баримт бүхий зөвлөмж хүргэсэн юм.
Энэхүү үйл ажиллагаа нь алба хаагч нарын хооронд эерэг хандлага, харилцааг бий болгон төлөвшүүлэх, ажлын байранд хууль дээдэлсэн хөдөлмөрийн аюулгүй харилцааг хэвшүүлэх ач холбогдолтой бөгөөд цаашид ажлын бүтээмж нэмэгдэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.