Хүүхдээ малын эмч, мал зүйчээр сургах нь ажлын байртай байх том боломж гэдгийг малчдад хэллээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-04-15 17:18:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Я.Содбаатар тойрогтоо ажиллаж байна. Тэрээр мал аж ахуйн салбарт төрөөс баримталж байгаа бодлогын талаар малчдад мэдээлэл өгч, тэдний санал сэтгэгдлийг сонсон, сонирхсон асуултад нь хариулт өгсөн юм.

“Монгол Улсын Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгоход нэлээн анхаарч ажиллаж байгаа. Сүүлийн хоёр жилд Монгол Улс улаан буудай, төмс, хүнсний ногоогоор дотоодынхоо нийт хэрэгцээг үндсэндээ хангаж, илүү гарсныг бусад улсад экспортлох хэмжээнд хүрсэн. Монгол Улс дэлхийн хүн амын талаас илүү хувь нь оршин сууж буй томоохон гүрнүүдтэй хиллэдэг. Тиймээс бид хөдөө аж ахуйн чиглэлээр бүтээгдэхүүн үйлдэрлэж, мах, төмс, хүнсний ногоо, улаан буудай, ургамлын тосоо экспортлох боломж байгаа” хэмээн тэрбээр хэлэв.
Мөн экспортод чиглэсэн маж аж ахуйн салбарыг хөгжүүлэх, зайлшгүй шаардлага байна. Үүний тулд УИХ-аас хоёр чухал хуулийг баталсан. “Малын эрүүл мэнд, удмын сангийн тухай хууль”, “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийг баталснаар малын үржил селекцийг хэрхэн хийх, удамшил генийг хэрхэн авч үлдэх, мал сүргээ хэрхэн өсгөж чанаржуулах вэ? гэдэг асуудал тодорхой болсон” гээд эдгээр хуулийн тухайд малчдад ойлголт өглөө.

Эдгээр хуулийн хүрээнд улсын мал эмнэлгийг сэргээж байгаа ба сум бүрт мал эмнэлгийн нэгжийг байгуулж, малаа эрүүлжүүлэх ажлыг нэгдсэн бодлогоор зохицуулна. Сүүлийн жилүүдэд малын хөдөлгөөн замбараагүй, хараа хяналтгүй болсны уршгаар малын өвчин тахал газар авч, эдийн засгийн хохирол амсаж байна. Тиймээс малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих ажлыг сайжруулж, бүртгэлтэй болгоно хэмээн УИХ-ын гишүүн Я.Содбаатар малчдад мэдээллээ. 
Харин үүнийг дагаад боловсон хүчний асуудал ярих бөгөөд хүүхдээ малын эмч, мал зүйчээр сургах нь ажлын байртай байх том боломж гэдгийг малчдад хэллээ.

Холбоотой мэдээ