“Samsung” эвхэгддэг гар утсаа дэлгэрэнгүй танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-04-16 12:47:41

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung” компани “Galaxy Fold” хэмээх эвхэгддэг гар утасныхаа дэлгэрэнгүй мэдээллийг мягмар гарагт олон нийтэд танилцуулав. Энэхүү загварын гар утсыг дөрөвдүгээр сарын эцсээр худалдаанд гаргахаар төлөвлөж байна.


Samsung” компани өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан шинэ гар утас танилцуулах арга хэмжээний үеэр анхны эвхэгддэг гар утсаа олон нийтэд үзүүлсэн боловч үүний жин, зузаан зэргийн талаарх мэдээллийг өгөөгүй юм. Үүний дараа буюу хоёрдугаар сарын сүүлчээр Испанийн Барселона хотноо болсон Дэлхийн гар утасны үзэсгэлэнгийн үеэр уг гар утсыг шилэн хоргонд байрлуулсан байжээ.


Galaxy Fold” гар утас нь 263 грамм жинтэй, 7.3 инчийн дэлгэцтэй бөгөөд эвхсэн үед дэлгэцийн хэмжээ 4.6 инч аж. Дэлгэсэн үед 6.9 миллиметр зузаан байх бол эвхсэн үед байрлалаасаа хамааран 15-17 миллиметр зузаан болох гэнэ.


Зургаан камераар тоноглосон, 12 гегабайтын рамтай энэхүү гар утас нь “Huawei” компанийн “Mate X” эвхэгддэг гар утаснаас хөнгөн хэдий ч арай зузаан ажээ.


Samsung” компанийн мэдэгдэлд дурдсанаар, том дэлгэцийг ашиглан гурав хүртэлх цонхыг зэрэг нээж, бичлэг үзэж, тоглоом тоглохын зэрэгцээ дахин нэг үйлдлийг хийх боломжтой байна.


“Манай компанийн мэргэжилтнүүд шинэ полимер давхарга болон одоогийн ухаалаг гар утасны дэлгэцнээс 50 орчим хувиар нимгэн дэлгэц зохион бүтээсэн. Шинэ материал нь “Galaxy Fold” гар утсыг уян, бат бөх хийгээд удаан эдэлгээтэй болгосон" гэж компанийн мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.


Galaxy Fold” гар утсыг дөрөвдүгээр сарын 26-наас АНУ-ын зах зээлд 1980 ам.доллароор худалдаалж эхлэх бол БНСУ-д ирэх тавдугаар сарын дундуур “5G” сүлжээг дэмждэг хувилбарыг “4G” сүлжээг дэмждэг хувилбараас өндөр үнэтэйгээр худалдаанд гаргана.


Энэ онд дэлхийн зах зээлд 1 сая гаруй эвхэгддэг гар утсыг худалдаалахаар зорьж байгаа тухайгаа “Samsung” компани урьд нь мэдээлж байжээ. 

Холбоотой мэдээ