Хуванцар саванд ундны усаа хадгалахгүй байхыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-16 17:46:49

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Өрнөх хөгжил сүлжээ ТББ-аас Улиастай сумын Богдын гол багийн ундны усны аюулгүй байдал, хуванцар савны хэрэглээнд үнэлгээ хийх нөлөөллийн төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

Завхан /МОНЦАМЭ/. Завханы "Өрнөх хөгжил сүлжээ" ТББ-аас Улиастай сумын Богдын гол багийн ундны усны аюулгүй байдал, хуванцар савны хэрэглээнд үнэлгээ хийх нөлөөллийн төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

Төслийн хүрээнд хүн амын эрүүл мэндэд хуванцар савны хор хэрхэн нөлөөлж байгааг судлах, ундны усыг шинжилгээнд хамруулж, санамсаргүй түүврийн аргаар 60 өрхөд эрүүл мэндийн судалгааг хийсэн байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан өрхийн гишүүддээ эрүүл мэндийн сургалт хийж, үзлэг шинжилгээнд хамруулан үр дүнг тооцож иргэдийн хандлагыг өөрчлөх юм байна. Төслийн хугацаанд Богдын гол багийн өрх, гэр, иргэдийн хүнсний зориулалтаар хэрэглэж байгаа хуванцар савыг хэрэглүүлэхгүй байх, төмөр саванд ундны усаа хадгалах аяныг зургаан сарын турш өрнүүлээд байгаа аж.
Судалгаа дуусаагүй байгаа бөгөөд судалгаа нөлөөллийн дүнд тус багийн иргэдийн хуванцар савны хэрэглээг 70 хувь бууруулах зорилт тавьжээ. Хүнсний зориулалтын бус хуванцар савыг хэрэглэснээр хүний мэдрэлийн системийг хордуулдаг байна. Иргэд хуванцар савыг эрүүл мэндэд хортой хар тугалганы агууламж нь өндөр гэдгийг мэдсээр байж өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа нь харамсалтай. Хуванцар саванд хонуулсан усанд хийсэн шинжилгээний дүнг төвлөрсөн сүлжээний усанд хийсэн шинжилгээний дүнтэй харьцуулахад төмрийн агууламж хоёр дахин их /төвлөрсөн сүлжээний усанд - 0,11мг/л, хуванцар саванд хадгалсан усанд - 0,24 мг/л/, нитритийн агууламж 11 дахин их /төвлөрсөн сүлжээний усанд - 0,01 мг/л, хуванцар саванд хадгалсан усанд - 0,11 мг/л/, аммиакийн агууламж 48 дахин их /төвлөрсөн сүлжээний усанд - 0,17 мг/л, хуванцар саванд хадгалсан усанд - 8,23 мг/л/ гарсан тухай төслийн багаас дуулгав.

Холбоотой мэдээ