Д.Болор-Эрдэнэ: “Миний хот” цомог 26 жилийн хөдөлмөрийн минь үр шим

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-17 12:34:45

Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтий нутгийн уран бүтээлчдийн бүтээсэн алтан сан хөмрөгт шинэ түүх бичигдэж, нэгэн шинэ цомог мэндэллээ. Энэ бол Бэрх хотын унаган хүү, хөгжмийн зохиолч Д.Болор-Эрдэнийн “Миний хот” хөгжмийн уран бүтээлийн цомог юм. Түүний хувьд саяхан Улаанбаатар хотноо цомгийн баяраа тэмдэглэн өнгөрүүлжээ.  


-
Бэрхийн Соёлын ордны нэрийн хуудас болсон уран бүтээлч гэдгээр тань хэн бүхэн андахгүй. Шинэхэн цомгоо өлгийдөн авсанд баяр хүргэе.

-Баярлалаа. Миний хувьд Бэрх хотынхоо Соёлын ордонд хөгжмийн багшаар 26 дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн хөгжмийн уран бүтээлүүдээ олны хүртээл болгож, “Миний хот” цомгоо гаргасандаа маш их баяртай байна. Энэ цомог бол миний 26 жилийн хөдөлмөрийн үр шим гэж хэлж болно.

-     -Цомогт хэчнээн уран бүтээл багтсан байгаа вэ?

-Миний хувьд өнгөрсөн 20 гаруй жилд нийт 30 гаруй уран бүтээлийг туурвисан байдаг юм. Эдгээр уран бүтээлээсээ шигшиж, нийт 12 дууг багтаасан. Энэхүү цомгийг бүтээхэд минь гүн туслалцаа үзүүлсэн ЗГХЭГ-ын дарга  Л.Оюун-Эрдэнэ, “Эргэх холбоо ТББ, Тэргүүн Б.Баярнэмэх, “Монголросцветмет“ ХК-ийн Худалдаа, эдийн засаг хариуцсан дэд захирал Н.Тэгшжаргал, О.Түвшинтөгс, Бэрх хотын Соёлын ордны хамт олон, Түмэнбаяр дарга, Бэрх сум дундын эмнэлгийн Их эмч Я.Дарьбазар, АБТА, ахмад багш Л.Эрдэнэцэцэг, Аймгийн заан н.Ундрах нартаа болон тусалж дэмжсэн бүх хүмүүстээ талархал илэрхийлье.

-     -Хөгжмийн ертөнцөд анх хэрхэн хөл тавьж байсан дурсамжаа хуваалцаж болох уу?

-Бололгүй яахав. Би сургуулийн сурагч байхдаа огт хөгжим сонирхдоггүй хүүхэд байсан. Харин тавдугаар ангид байхад минь Бэрх хотод Хөгжим бүжгийн коллежоос багш нар ирж, шалгалт авахад нь санаандгүй ороод тэнцчихсэн. Тэгээд л хөгжимчин болох зам маань тавигдсан гэж хэлж болно. Их санаандгүй сонголт байсан ч одоо хэр нь тэр замаараа алхаж явна даа. Тэгээд Хөгжим бүжгийн коллежид хөгжмийн багшаар суралцаж, төгсөөд Бэрх хотынхоо Соёлын ордонд хөгжмийн багшаар ажиллах болсон.

-    -Бэрхийн Соёлын ордонд ажилладаг уран бүтээлчид үнэхээр урлагт хайртай хүмүүс байдаг. Хамт олныхоо тухайд?

-Миний хамт олон үнэхээр сайхан хамт олон доо. Бэрх хот минь цэцэглэж байх үед бид 30-уулаа ажилладаг байлаа. Монгол Улсын соёл урлагийн түүхэнд хувь нэмрээ оруулж чадсан, одоо ч оруулж яваа тийм л хамт олны дунд ажиллаж, амьдарч ирсэндээ баяртай байдаг. Одоо бид тавуулаа ажиллаж байгаа ч ард иргэддээ өмнөх шигээ л үйлчилж, соёлын үрийг тарьж явна даа.

-    -Таны зохиосон ураан бүтээл “Алтаргана” их наадамд түрүүлж байсан удаатай байхаа?

     -Тийм ээ. ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулсан Алтаргана их наадамд уран бүтээлээрээ оролцож, дуучин Ундрал уран бүтээлийг маань амьдруулж хүргэсэн. "Шамхандаа" хэмээх энэхүү уран бүтээл маань наадмын ая зохиогчийн уралдаанд тэргүүлэх тэр мөч үнэхээр сайхан байсан шүү.

-     -Та олон шавьтай. Миний мэдэхийн МУСТА, Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай таны шавь.

-Тийм ээ. Надад сайхан шавь нар олон бий. Хилийн цэргийн ДБЭЧ-ын орлогч дарга Базарсадын Болдбаатар, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Нямхүү, дуучин Б.Базардорж, Улсын Филармоний хөгжимчин Х.Тунгалагтамир, Хан Хэнтий чуулгын дуучин Н.Ганзолбоо, дуучин Н.Ундрал гээд дандаа Бэрх нутгаас төрөн гарсан уран бүтээлчид байдаг. Нэрийг нь дурдаагүй олон сайхан уран бүтээлч шавь нар бий. Цомогт маань багтсан дуунуудыг миний шавь нар дуулж амилуулсанаараа онцлогтой юм.

-    -Танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ