Төв цэвэрлэх байгууламжид гарсан ослыг шалгах ажлын баг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-17 10:34:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрийн осол гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 15:47 цагт иржээ.


Дуудлагын дагуу Аврах ангийн албан хаагчид түргэн шуурхай ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордсон есөн ажилтны тавд нь анхан шатны авран туслах үйлчилгээ үзүүлж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн, харин амь насаа алдсан дөрвөн хүний цогцсыг алдагдсан лагаас гарган авчээ. Уг осол Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн шахуурганы станцад гарсан байна.

Ослын газар ажилласан ажлын хэсгийнхний урьдчилан мэдээлснээр, “Лаг шахах, сорох хоолойн шахуургыг нээх үед түүнд хуримтлагдсан хорт хий ажилтнуудын амь насыг эрсдүүлсэн” гэв.

Үлдсэн 5 хүн цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь харьцангуй сайн, удахгүй энгийн тасаг руу шилжүүлэхээр болсныг албаны хүмүүс мэдээлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан осол болсон Төв цэвэрлэх байгууламжид очиж ажиллан, ослын нөхцөл байдалтай танилцаж, мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хурал газар дээр нь зохион байгуулж, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын баг байгууллаа.

Ажлын хэсгийн тухайд төв цэвэрлэх  байгууллагын үйл ажиллагааг хэвийн хэмжээнд орох хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, хөдөлмөр хамгаалалт болон эрсдлийн үнэлгээ хийж, мэргэжлийн байгууллагын оролцоотой яаралтай хэрэгжүүлэх, талийгаачдын ар гэрийнхнийг хүлээн авч уулзаж, тэдэнд нийслэл бүх талын тусламж дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийхэнд үнэн бодит мэдээлэл өгөх, дахин осол гарч болзошгүй нөхцөл байдлыг арилгах, эмнэлэгт буй таван ажилтны эрүүл мэнд, эмчилгээ оношилгооны асуудалд анхаарах, мэргэжлийн байгууллагууд өөр хоорондоо уялдаатай ажиллахыг тус тус чиглэл болгов.

Хотын захирагч талийгаачдын ар гэрийнхэнтэй уулзаж, осол болсонд гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлээд, нийслэлийн амар тайван, ая тухтай амьдрах нөхцөлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан, мөн хамтран зүтгэгчээ аврахын төлөө амиа алдсан эрэлхэг залуусаар бахархаж байна хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Холбоотой мэдээ