Зургаан настнуудын амьдрах, сурах орчин нь гэр өргөө болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-18 22:11:43

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт малчдын нэгдүгээр ангийн хүүхдэд зориулсан “Гэр өргөө”-г 24 суманд байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлээд жил гаруй болж байна. Энэхүү гэр өргөөг ажиллуулснаар малчид хүүхдээ дагаж төв суурин газар бараадах бус, хүүхдэдээ санаа зовохгүйгээр мал аж ахуйн салбартаа ажиллах нөхцөл боломж нь бүрдсэн тухай малчид ам сайтай байна.

Өнөөдрийн байдлаар Завханы 1500 орчим нэгдүгээр ангийн хүүхдүүдээс 30 гаруй хувь нь 24 сумын гэр өргөөнд амьдарч сурч хүмүүжиж байна. Малчдад тулгамдаж буй нэг чухал асуудал бол зургаан настай нэгдүгээр ангийн хүүхдээ дагаж төв суурин газар бараадсанаас айл өрхүүд хоёр тусдаа амьдрах шаардлагатай болдог. Ингэснээр мал аж ахуйн салбарт ажиллаж буй иргэдийн тоо буурах, өрхийн зарлага нэмэгдэх, гэр бүлд үл ойлголцол үүсэх зэрэг олон сөрөг үр дагаврууд гардаг аж. Иймд малчид хүүхдэдээ санаа зовохгүйгээр мал аж ахуйн салбартаа амжилттай ажиллах, хүүхдийг багаас нь нийгэмшүүлэх, өөрийн гэртээ байгаа мэт тохилог, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлсэн нь энэхүү гэр өргөө юм.

Гэр өргөөг ихэнх сум сургуулийн дотуур байраа түшиглэн байгуулсан байгаа. Харин дотуур байрны хүрэлцээ муутай сургуулиуд тусдаа байр барьж тохижуулжээ. Гэр өргөөний багш нар зургаан настай хүүхдүүдийнхээ насны онцлогт тохируулан тоглонгоо сурч хөгжихөд нь тогтмол анхаарал хандуулж, эцэг эхийнх нь үүргийг гүйцэтгэдэг байна. Мөн хүүхдүүдийн эхчүүд ээлжээр гэр өргөөнд ажиллаж, ахлах ангийн охидууд сайн дураараа дүү нартаа тусалдаг байна. Зарим хүүхдүүд амралтын өдрүүдээрээ гэртээ харьдаггүй, найзуудтайгаа гэр өргөөндөө тоглож, хичээл номоо хийж өнгөрүүлэх дуртай болсон гэдгийг гэр өргөөний багш нар болон эцэг эхчүүд дуулгав. 


Хүүхдүүдийн сурах орчныг бүрдүүлж манлайлан үлгэрлэдэг багшийг дэмжиж байна



Мөн энэ хичээлийн жил Завхан аймгийн Засаг даргын санаачилгаар “Сайн багш”, “Сайн оюутан”, “Аймгийн боловсрол, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөр, “Хүүхдэд ээлтэй орон нутаг” дэд хөтөлбөрийг тус тус үргэлжлүүлэн ажиллаж байна.

2018 онд Завхан аймгийн боловсрол, соёл урлаг, спортын салбарт нийт 12.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2018-2019 оны хичээлийн жилд БСШУСЯ-наас “Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц гаргая” зорилгыг дэвшүүлсэн ажээ. Харин Завхан аймаг багш, суралцагч бүрийн ажил, сурлагын чанарт ахиц гаргах зорилго дэвшүүлжээ. 

Тухайлбал "Багшийн сэтгэл хүүхдэд" нэртэй арга хэмжээг тав дахь удаагаа зохион байгуулж ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтан, багш, байрны багш, сургуулийн эмч, жолооч, тогооч зэрэг 600 гаруй ажилтан хамрагджээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнууд мэдлэг, харилцаа хандлага, ур чадвараа хөгжүүлжээ. Харин "Сайн багшаас сайн шавь төрдөг" уриан дор багш нарын ажлыг дэмжих, тэднийг урамшуулах чиглэлээр "Сайн багш" дэд хөтөлбөрийн хүрээнд шавь нь улс, бүсийн чанартай уралдаан, олимпиадад амжилт гаргасан, элсэлтийн шалгалтад 800-гаас дээш оноо авсан суралцагчдын багш нарыг жилд нэг удаа мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг болжээ.

Тухайлбал өнгөрсөн жил 24 сумын 100 гаруй багшийг 1-10 сая хүртэлх мөнгөн шагналаар урамшуулжээ. Мөн сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчдыг чадавхжуулах чиглэлээр бүсчилсэн томоохон сургалтыг хийж аймгийн хэмжээнд 600 гаруй багш ажилчид мэдлэг, чадвараа дээшлүүлсэн. Цаашид хүнээ хөгжүүлсэн нутаг орон хөгждөг тул завханчуудын оюунлаг сэтгэлгээг хөгжүүлэх өндөр, мэдлэг ур чадвартай сайн туршлагаас суралцаж ажлын байран дээрээ байнга хөгждөг, манлайлан үлгэрлэдэг, хүүхдийг хайрлаж хүндэлдэг, ёс зүйг эрхэмлэдэг, хариуцлагатай багшийг төлөвшүүлэх замаар хүүхдийн хөгжлийг хангах зорилготой "Сайн багш" хөтөлбөрийг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа тухайгаа аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ