БНАСАУ-тай цөмийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-19 09:27:41

ВАШИНГТОН. /Yonhap/. БНАСАУ хандлагаа өөрчилж, хэлэлцээний гол төлөөлөгчийг солихыг АНУ-д уриалсны хариуд тус улстай цөмийн зэвсгээс ангижруулах талаарх хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.


Өнгөрсөн сард Вьетнамын нийслэл Ханой хотноо болсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш хоёр талын хэлэлцээнд дорвитой ахиц дэвшил гараагүй юм.


Пүрэв гарагт БНАСАУ-ын төрийн мэдээллийн агентлагийн мэдээлэлд, цөмийн зэвсгээс ангижрах замд тулгарч буй “сайд тотгор”-ыг арилгахыг АНУ-д уриалаад, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог "илүү хичээнгүй, туршлагатай нэгэн"-ээр солихыг хүссэн ажээ.


Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч цахим шуудангаар дамжуулан мэдээлэхдээ, бид уг мэдээллийн талаар мэдсэн бөгөөд БНАСАУ-тай үр дүнтэй хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байна гэжээ.


“АНУ зөв хандлага, зөв арга барил баримтлах аваас Д.Трамптай гурав дахь удаагаа уулзах боломжтой” гэж Ким Жөн Ун өнгөрсөн долоо хоногт Ардын дээд хурлын чуулганы үеэр үг хэлэхдээ мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ