БНХАУ сансар судлалын хөтөлбөрт хамтран оролцохыг уриалжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-04-19 12:15:11

БЭЭЖИН. /Xinhua/. Бага гараг, сүүлт од судлах хөтөлбөрийн талаар БНХАУ-ын Үндэсний сансрын удирдах газраас пүрэв гарагт танилцуулж, хамтран оролцохыг дэлхийн судлаачдад уриалсан байна.


"Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэлхийд ойр байрладаг “2016HO3” бага гараг болон “133P” сүүлт одыг судална" гэж Үндэсний сансрын удирдах газрын Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвийн дарга Лиу Жижун мэдээлсэн байна. Мөн тэрбээр, Хятад улс энэхүү ажиллагаанд бусад улс орнуудын эрдэмтдийн бүтээсэн багаж хэрэгслийг ашиглахыг санал болгож байгаа гэж нэмж хэлжээ.


Хөтөлбөр хэлэлцээний шатандаа явж байгаа бөгөөд одоогийн төлөвлөгөөнд дурдсанаар, “2016HO3” бага гараг руу тандалтын төхөөрөмж илгээн газардаж, чулуулгийн дээж цуглуулсны дараа дэлхийд буцаж ирэх ажээ. Мөн үүний дараа “133P” сүүлт одны судалгааг эхлүүлэх гэнэ. Энэхүү ажиллагаа 10 орчим жил үргэлжилнэ гэж Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвийн дарга хэлсэн байна.


Ташрамд дурдахад, Хятад улс Ангараг гарагийг судлах зорилгоор 2020 онд тандалтын төхөөрөмжөө илгээхээр төлөвлөж байгаа ажээ.

Холбоотой мэдээ