“Санхүүгийн салбарын хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн дор банкныхан чууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2019-04-21 17:10:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас Монгол Улсад банкны салбар үүсэн хөгжсөний 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралтай хамтатган “Эдийн засгийн бодлогын чуулган 2019” хэлэлцүүлгийг “Санхүүгийн салбарын хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн дор өнгөрсөн баасан гарагт /2019.04.19/ зохион байгууллаа.


Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулганыг 2018 онд зохион байгуулж байсан юм. Харин энэ удаагийн чуулганаар “Банкны хөгжил-95 жил”, “Санхүүгийн салбарын дархлааг бэхжүүлэх нь”, “Финтек: Санхүүгийн зах зээлийн ирээдүй” гэсэн 3 сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тус чуулганд УИХ, Монголбанк, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, арилжааны банкууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөл болсон 100 гаруй хүн оролцлоо.


Энэхүү чуулганыг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан үг хэлсэн юм. Тэрбээр: “Монголбанкнаас эдийн засаг, санхүүгийн зах зээл болон макро бодлогод тухайн цаг үед, ойрын ирээдүйд тулгамдаж буй сорилт, шийдэл, бодлогын боломжит хувилбаруудыг судалж хэлэлцдэг бодлогын чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Монгол Улсад үндэсний банк, санхүүгийн тогтолцоо үүсэж, хөгжсөний түүхт 95 жилийн ойг угтан Монголбанкнаас түүхэн эх сурвалжуудыг олны хүртээл болгох ажилд онцгой анхаарч ажиллав. Тухайлбал, “Монгол Улсын эрдэнэсийн сан”, “Монголбанкны түүхийн альманах”, “Монголын эзэнт улсын зоос, мөнгөн тэмдэгт”, “Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл”, “Монгол Улсын гүйлгээний болон дурсгалын зоос” гурван цуврал түүхийн бүтээл, “Монгол банк 95: Түүх ба баримт”, “Монгол төрийн эдийн засгийн бодлого: сорилт, сургамж, асуудал 1911-2018” зэрэг ном бүтээл гаргахад дэмжлэг үзүүлж, уншигчдад хүргэснээ дуулгахад таатай байна. Энэ удаагийн чуулганы 3 дэд хуралдаанаар банк, санхүүгийн хөгжлийн түүхийн хуудсаас авах сургамж, цаашид эдийн засгийн бодлогын түвшинд анхаарах асуудал, санхүүгийн салбарын дархлааг бэхжүүлэхэд хэрэгжүүлэх арга хэмжээ, Финтекийг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, зохицуулалтыг боловсронгуй болгох, цахим аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Иймд хүндэт, зочид төлөөлөгчид та бүхэн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг хүсье” хэмээн онцоллоо.


“Санхүүгийн салбарын хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” ерөнхий сэдвийн дор болсон тус чуулганы 3 дэд хуралдааны “Финтек: Санхүүгийн зах зээлийн ирээдүй” гэсэн сэдвийг энд онцлон толилуулъя.


Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анарын “Финтекийн хөгжил, эрх зүйн зохицуулалт” илтгэлээс товчлон сонирхуулж байна. Уг илтгэлд Монголд финтекийн талаар олон нийтийн ойлголт сул бөгөөд энэ талаар судалгаа бараг хийгдээгүй гэдгийг онцолсон юм. Иймд ерөнхий ойлголт өгөх, санхүүгийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөө, олон улсын түвшинд хэрэгжиж буй зохицуулалтын арга хэрэгслийг тодорхойлж судлах нь өнөө үед чухал ач холбогдолтой байгаа юм. Өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын босгон дээр ирж интернэт технологийг дагаад салбар бүрт өөрчлөлт өрнөж байна. Санхүүгийн салбарт ч технологийг даган цоо шинэ тогтолцоо бий болсон болсон нь финтек юм. Энэ бол “Finance - Technology гэсэн үгийн товчлол буюу санхүү болон технологи хэмээх үгээс бүрдсэн шинэ нэр томьёо. Тодруулбал, технологийн дэвшлээр дамжуулан хэрэглэгчийн зуршлыг өөрчилсөн илүү хялбар санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүмүүст хүргэж байгаа шийдэл юм. Дэлхий эдийн засаг, санхүүгийн 2008 оны хямралын дараа системийн үр ашиггүй байдлыг халж, түүнийг орлох хэлбэр рүү шилжиж буйтай зэрэгцэн ухаалаг гар утасны хэрэглээ идэвхжих болсноор финтекийн салбар өнөөгийн хөгжлийн шатанд иржээ.


Ийнхүү санхүүгийн салбар уламжлалт үйлчилгээг давж, технологид суурилан хөгжих хандлага бий болж ямар боломжтой болон эрсдэлтэй эсэх талаар олон улсын байгууллага, санхүүгийн зохицуулагчид гүнзгий судлах боллоо. Финтек нь тухайн орны санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг авчрах эерэг талтай ч эрх зүйн зохицуулалт үр дүнгүй, оновчтой бус тохиолдолд санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй байдаг талаар олон тооны судалгааны дүн тогтоож өгсөн байдаг. Тиймээс болзошгүй эрсдлээс хамгаалах эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэсэн нийтлэг байр суурь байдаг. Иймд санхүүгийн салбарын хөгжилд нөлөөлөх финтек компаниудын үйл ажиллагаанд хаалт, хүндрэл учруулахгүй тэнцвэртэй зохицуулалт бий болгох асуудал бодлого боловсруулагч, санхүүгийн зохицуулагчдын дунд том сорилт болж байгаа аж.


Манай улсын хувьд финтек нь харьцангуй шинэ салбар ч хэдийн цөөн бус /6/ тооны компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Иймд уг шинэ харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх нь манай улсын хувьд чухлаар тавигдаж байгаа юм. Финтек нь энгийн мобайл банкнаас эхлээд хиймэл оюун ухаан, блокчейн зэрэгт суурилсан бүхий л санхүүгийн дэвшилтэт бүтэггдэхүүн, үйлчилгээг хамрах болжээ. Монгол Улсын банк, санхүүгийн салбар энэ замаар хөгжих нь тодорхой бөгөөд хууль эрх зүйн орчинд шаардлагатай зохицуулалтыг бий болгох зорилт тулгарч байна.


Иймээс санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хууль эрх зүйн орчинг сайжруулах, финтектэй уялдаж зах зээлийн бүтцэд гарсан өөрчлөлтийг хянах, эрсдэлийг тодорхойлох, хяналт тавих, шаардлагатай хариу арга хэмжээ авах зорилгоор олон улсад хэрэгжүүлдэг Сэндбокс зохицуулалтын туршлагыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлага байгааг чуулганд оролцогчид санал нэгтэй хэлж байв. Мөн мэдээллийн аюулгүй байдлын стандарт, түүнийг хангах чиглэлээр хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь эн тэргүүний зорилт гэдгийг ч онцолсон юм.   

Холбоотой мэдээ