Д.Трамп ЕХ-ны нэмэлт татварыг шударга бус гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-04-24 12:02:55

ВАШИНГТОН. /Reuters/. "АНУ-ын мотоцикл үйлдвэрлэгч “Harley-Davidson” компанид ногдуулсан Европын Холбооны /ЕХ/ нэмэлт татварын эсрэг арга хэмжээ авч магадгүй" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна.


"ЕХ-ны татварын улмаас “Harley-Davidson” компани хүнд нөхцөл байдал байгаа нь шударга бус байна. Бид хариу арга хэмжээ авах болно" гэж Д.Трамп мягмар гарагт “Твиттер” хуудсаараа жиргэжээ.


Д.Трампын засаг захиргаа ган болон хөнгөн цагаан бүтээгдэхүүний импортод нэмэлт татвар ногдуулсны хариуд ЕХ өнгөрсөн оны зургадугаар сард АНУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн татварыг нэмэгдүүлсэн байна. Үүний улмаас “Harley-Davidson” компанийн татвар 6 хувиас 31 хувьд хүрсэн бөгөөд 2021 оноос улам нэмэгдэх төлөвтэй байгаа аж.


АНУ болон түнш орнуудын хоорондох худалдааны янз бүрийн маргаан 2019 онд АНУ-ын мотоцикл үйлдвэрлэгч компанид 100-120 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зардал учруулах төлөвтэй байгаа тухай тус компанийн төлөөлөгчид мягмар гарагт мэдээлжээ.


Д.Трамп болон Европын Комиссын тэргүүн Жан-Клод Юнкер нар өнгөрсөн онд худалдааны саад тотгорыг бууруулах талаар санал нэгдсэн билээ. Түүнчлэн дөрөвдүгээр сарын эхээр АНУ-тай албан ёсны худалдааны хэлэлцээ хийх шийдвэрийг ЕХ баталсан юм. 

Холбоотой мэдээ