“Вируст гепатитын оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах техник туслалцааны төсөл” хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-25 11:26:59

Ховд /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкнаас “Вируст гепатитын оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах техник туслалцааны төсөл” хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг дэмжих, элэгний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахад чиглэж байгаа юм.

Төслийн хүрээнд “Вируст гепатитын урьдчилан сэргийлэлт, илрүүлэг, оношилгоо эмчилгээний чадавхийг сайжруулах” сургалтыг дөрөвдүгээр сарын 23-25-нд Ховд аймагт зохион байгууллаа.

Сургалтад ЭМГ, БОЭТ, 17 сумын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл 90 орчим хүн оролцов. 

Сургалтаар онолын шинэ мэдээлэл түгээх, халдвар хяналт, лабораторийн дадлага хийх замаар эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой гэж салбарынхан онцоллоо.

Гепатит гэдэг нь элэгний үрэвсэл гэсэн утгатай. Элгэнд үрэвсэл үүсгэдэг олон вирус байдаг бөгөөд хамгийн ноцтой нь гепатит А, В, С вирус гэнэ.  

Ховд аймагт  В, С вирусийн эмчилгээний эмийн жор бичдэг эмч 3 байдаг бөгөөд 2017-2018 онд аймгийн хэмжээнд 15-аас дээш насны  25009 иргэн илрүүлэг шинжилгээнд хамрагдсанаас В вирустай  2010, С вирустай 1754 иргэн халдвартай гэж гарсан байна.


Холбоотой мэдээ