Хавар орсон цас бол “шар тос”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-25 15:20:11
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монголчууд хавар орсон цасыг “шар тос” хэмээн билэгшээдэг. Тогтуун, салхи шороогүй, газартаа уусан шингэх мэт хайлан орж байгаа цасыг ахмадууд “ааш сайтай, сайхан орж байна” ч гэцгээдэг. Тийм л цас өнөөдөр Дундговь аймагт орж байна.

Ус цаг уур орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 20 цагаас 25-ны өдрийн 08 цаг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Хулд суманд 20,0 мм, Сайхан-Овоод 12,0 мм, Адаацаг, Өлзийт, Дэлгэрхангай, Луус сумаар 5,0-8,0 мм, Сайнцагаан, Дэлгэрцогт сумаар 3,0-3,2 мм, Гурвансайхан, Эрдэнэдалай сумаар 0,5-1,0 мм бороо, цас орсныг мэдээллээ.

Цаашдаа өнөөдөр нутгийн зүүн сумдаар цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа ажээ. 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн, Монгол Улсын анхны агрономич, профессор Ч.Дамба цаг агаарын нөхцөл байдал нарны идэвхжилээс хамаардаг болохыг тодорхойлсон нэгэн сонирхолтой судалгааг хийсэн байдаг.

Нарны идэвхижил, түүний үр нөлөө нарны гараг эрхсүүд бараг нэг хавгтгайд нарыг тойрон дэлхийн хоногоор тооцвол Буд гараг 88 хоногт, Сугар гараг 117 хоногт, дэлхий 365 /366/ хоногт, Бархасбадь 11,86 жилд, тус тус тойрдог аж. Гарагуудын татах хүч ихсэх тутам наранд илүү нөлөөлж нарны булалтыг ихэсгэх буюу буцалж буй их эрчим хүч соронзон шуургыг гадагш нь цацахыг ихэсгэж, нарны шуургын хамгийн их болох энэ үеийг нарны идэвхжилийн дээд цэг гэх ба үүнээс буусаар бараг шуурга наран дээрх толбо үгүй болох үеийг тайван нарны жил гэдэг байна. Ингэж нар буцалж эхлэхээс дээд цэгээ хүртэл ойролцоогоор 4 жил болох бөгөөд энэ үед манай Монгол оронд цаг муудсаар хамгийн ган гачигтай, зудтай жил болдгийг тэрээр тодорхойлжээ.

Нар тайвширч эхлээд тайван нарны жил хүртэл 7 жил үргэлжилж тайван нарны жилд Монгол оронд салхи шуурга гэж үгүй, бороо хур элбэгшиж дэлхий дэлэгнэж бэлчээр, тариалангийн ургац арвин мал үржиж таргалах таатай нөхцөл бүрддэг байна.

Түүний хийсэн энэхүү судалгаагаар нарны идэвхжил ихсэх багасах нь гуравдахь үедээ явж 2016 оноос нар тайвширч 2020 онд тайван нарны жил болох төлөвтэй байгаа ажээ.

Тиймээс энэ жил нарны идэвхжил ерөнхийдөө хүч багатай байж, монгол оронд цаг тавьж, сайхан зун болж, хүн малын зоо тэнийнэ хэмээн профессор Ч.Дамба хүүрнэлээ. 

Холбоотой мэдээ