Г.Бадамцэцэг: Согтуу жолоочийн эрхийг насаар нь хасдаг болгохыг хүсэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-26 14:13:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор “Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт-2030” салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд өнөөдөр болж байна. Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жилд 1,3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн бэртэж гэмтэж байгаа бол Монгол улсын 3,8 сая хүн ам жил бүр 500 гаруй иргэдээ зам тээврийн ослын улмаас алдаж, 5000 гаруй хүн бэртэж байна.



Зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэв. Тэрээр осол, гэмтлийг бууруулах чиглэлээр нухацтай хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авах нь чухал байгааг тэмдэглэв. Тэрбээр, "Өнгөрсөн онд осол, гэмтлийн улмаас 142 мянга 600 гаруй хүн гэмтэж, 2920 хүн амь насаа алдсан байна. Энэ нь өдөрт 7-8 хүн осол, гэмтлийн улмаас амиа алдаж, дайн байлдаанд нэрвэгдсэн орныхтой дүйцэх хэмжээнд хүрсэн байна. Зөвхөн зам, тээврийн ослоор 20 мянга 345 хүн гэмтэж, 529 хүн амь насаа алджээ.  Мөн өнгөрсөн онд 375 хүүхэд зам, тээврийн осолд өртсөний 52 нь эндсэн байна.  6500 орчим хүн түлэгдсэний 67 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байгаа нь бидний сэтгэлийг эмзэглүүлэх тоо юм.   Дээрх статистик тоо баримт нь осол, гэмтлээс сэргийлэх ажил хангалтгүй байгаагийн илрэл гэж харж байна. Түүнчлэн түлэгдэл, автомашины осол, хүчирхийллийн улмаас ирээдүйд улс орныг авч явах хүүхдээ бид алдаж байна. Иймээс бүх байгууллага осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч сэтгэл, зүтгэл гаргаж ажиллах ёстой. Осол, гэмтэл буурахгүй байгаа шалтгааныг зөв тогтоох, хоорондоо уялдаатай ажиллах, осол, гэмтлээс сэргийлэх боловсрол, дадал олгох, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх, иргэд эрүүл мэндээ хамгаалж, үр хүүхдээ осол, гэмтэлд өртөхөөс сэргийлэх үүрэг, хариуцлагаа биелүүлж байхыг таниулах нь чухал” хэмээв.



Зөвлөгөөнд зам тээврийн осолд өртөж хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийг төлөөлж Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны иргэн, МУСТА дуучин Г.Бадамцэцэг санал бодлоо илэрхийллээ. Тэрбээр, “Миний бие 25 жилийн өмнө зам тээврийн осолд өртөж, бэлхүүснээс доош мэдээгүй болсон. Тухайн үед би СУИС-д жүжигчний мэргэжлээр элсэж орсон 17 настай жаахан охин байлаа. Энэ үед согтуу жолоочийн буруутай үйлдлээс осолд өртөж, 25 дахь жилдээ тэргэнцэрт сууж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн өдөр тутмын нийгмийн амьдралд оролцоход хүндрэлтэй болдог. Тухайн хүн хохироод үлдэх биш, түүний ар гэр, асран хамгаалагчдад хүндрэл үүсдэг юм. Үүнээс шалтгаалсан ядуурал ч бий болж байна. Миний хувьд, 17 наснаасаа хойш хөдөлмөр эрхэлж байгаагүй. Улсаас халамж авдаг бөгөөд намайг асарч байгаа хүнд мөн урамшуулал олгодог. Гэтэл намайг асарч байгаа хүн хөдөлмөр эрхэлж амьжиргаандаа нэмэрлэх боломж байдаггүй. Учир нь албан байгууллага, үйлчилгээний газар руу ороход тэргэнцэртэй хүмүүст зориулсан тусгай шат байдаггүйгээс заавал асран хамгаалагчийн хараанд амьдардаг. Энэ гашуун амьдрал хариуцлага алдсан согтуу жолоочоос үүдэлтэй байдаг. Тиймээс хамгийн чухал нь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас хохироосон, олон хүүхдийг гэмтээж, ээж аав нарыг уйлуулсан хариуцлагагүй жолооч нарын эрхийг насаар нь хасдаг болгоосой гэж төр засгийн удирдлага, хууль санаачлагч нараас хүсэж байна” гэлээ.




Монгол Улсын Засгийн газар 2002 оноос хойш “Осол, гэмтлээс сэргийлэх” үндэсний хөтөлбөр, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ч осол, гэмтлийн тоо буурахгүй, харин ч ихсэх хандлагатай байгаа юм.


Тиймээс дээрх салбарын дундах зөвлөгөөнөөр, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх бодлого, шийдвэр гаргахаар холбогдох төрийн байгууллагын төлөөлөл хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ